Хүүхдийн эрхийг хамгаалах лобби бүлэг байгуулна

img

НББСШУ-ы байнгын хороо өчигдөр 14 цагаас эхэлж, цаг сунган 19 цагийн үед  өндөрлөсөн бөгөөд тус хуралдааны сүүлийн асуудал нь Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн төслүүд байсан аж. Сүүлийн үед нийгмийг цочроосон хүүхдийн хүчирхийллийн хэргүүд хэнгэрэг дэлдэх болсонтой холбогдуулан энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх хуралдаан ширүүхэн болсон байна.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хүүхдээ чимхэснийхээ төлөө эрүү үүсгэгдээд байх вий, таван салаа боов өглөө гээд цагдаад дуудагддаг болох хууль хийж болохгүй” гэсэн аж. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Эрчүүд ер нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тухай ярихаар л дандаа хуулийн хүчийг бууруулах туйлширсан хандлага гаргаад байх юм. Ийм юм ярьж хууль унагаах асуудал байхгүй.

 

Би хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр парламентаас хяналт тавих лобби бүлэг байгуулж байгаа гэдгээ бас хэлье. Архи уудаг эцэг, эхтэй хүүхэд байнгын дарамтан дор амьдардаг. Тэгтэл тэдний эрх, ашгийг хамгаалсан нэг ч хууль эрх зүйн орчин байдаггүйг онцлоод ийм байгаа нь сэтгэл зовнихгүй байхын аргагүй юм” гэв.

 

Энэ хуулийн төслийг байнгын хороо хэлэлцэх эсэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ