Оюутолгойн ТУЗ-ийг амь оруулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Оюутолгой төслийн талаарх мэдээлэл хаалттай байна гэж шүүмжилдэг. Энэ талаар таны бодол?
-Оюутолгой төслийг Засгийн газрын нэрийн өмнөөс төлөөлж байгаа гурван хүн ТУЗ-д нь байгаа ш дээ. Би Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаанд хэлж л байсан. Элдэв хэл яриа гараад байхад танай ТУЗ юу хийж байгаа юм бэ. Яагаад мэдээлэл өгөхгүй байна. Амыг чинь үдчихсэн юм шиг дуугарахгүй юм. Буруу бол буруу, зөв бол зөв гэдгээ хэлээд монголын талаа төлөөлсөн шиг төлөөлөөд суу.
Наадах чинь хэн нэгэн хүн шалгалт шүүлэггүй ярьчихдаг ч асуудал биш, хөрөнгө оруулалтын зардал, ашиг орлогыг нь одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд байна гэдгийг нь нарийн судлах ёстой. Тэгээд төлсөн бол төлсөн, төлөөгүй бол төлөөгүй гэдэг үнэн үгийг л хэлэх хэрэгтэй. Ийм асуудлыг ТУЗ дээрээ ярьж байх ёстой гэж хэлсэн. Ер нь Оюутолгойн ТУЗ гэж амьгүй хэдэн хуульчид байгаа юм. Асуудал энд л байна.
-ТУЗ-д Батсүх гэдэг хүн олон жил суулаа. Энэ хүнийг Монгол Улсын Засгийн газар өөрчлөх боломжгүй юм уу гэж шүүмжлэх нэгэн байна?
-Батсүх чинь нөгөө талыг буюу хөрөнгө оруулагч талыг төлөөлж байгаа хүн. Монгол талыг төлөөлж байгаа Даваадоржийн Ганболд тэргүүтэй таван хүн л бий. Хоёр нь хөрөнгө оруулагч талыг, гурав нь монголыг төлөөлдөг. Эрдэнэтийн зөвлөл гэхэд жил бүр хуралдаад л асуудлаа яриад шийдээд явчихдаг. Яг тэрэн шиг л энэ хүмүүс ярилцах ёстой юм.
Хэрвээ хөрөнгө оруулагч тал оруулсан хөрөнгөө буруу мэдээлсэн, үйл ажиллагаанаас олсон татвараа төлөөгүй гэсэн асуудал яригдах юм бол ТУЗ дээрээ ярилцаад шийдчих ёстой асуудал шүү дээ. Тэгээд ТУЗ-ийн гишүүд төр олон нийтэд ийм юм болсон гэдгийг үнэнээр ярих ёстой. Тиймдээ ч энэ Оюутолгойн ТУЗ-ийг амь оруулах шаардлага үнэхээр байгаа. Энэ ингээд л чимээгүй яваад байх юм бол тэднийг ТУЗ гэж байлгаад байх шаардлага юу байна.
-Таван толгой гацчихлаа. Таны хувьд Энержи ресурсын хувьцаа байгаа юу?
-Ямар юм байдаг юм надад. Тэрийг чинь таних ч үгүй за. Таван толгойн төсөлтэй танилцахаар 2011 онд Ухаа худаг дээр анх очиж байсан. Тэр үед дөрвөн оролцогчтой байсан. Эм Си Эс, Шунхлай, Европын сэргээн босголтын банк, Петровис нийлээд Ухаа худагийн 5 хувь дээр хамтарч байсан юм. Сүүлд нь Худалдаа хөгжлийн банк 4.5 хувьтай гэнэт болчихоод хэрүүлийн алим шидэлцээд байгаа юм. Ер нь Таван толгой төсөл хөдлөх ёстой.
Энийг хөдөлгөхөөс өөр хувилбар Монголд байхгүй. Өөр хөдөлгөх төсөл байвал хэлээрэй. Таван толгойн оронд ийм төсөл хөдөлгөнө гээд хэлчих хэрэгтэй. Ухаа худаг төсөл хөдөлж эхэлсэнээс хойш 2012 онд хамгийн өндөр буюу 110 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Өнгөрсөн жил нүүрсний үнэ унаад 40 тэрбум төлсөн байна лээ. Ер нь аж ахуйн нэгж төр улсад хэрэгтэй байна уу, үгүй юу гэдгийг хэмждэг ганц л шалгуур байдаг. Тэр нь улсад төлж байгаа татвар. Энэнээс өөр хэмжүүр байхгүй. Тавантолгойг хэрэгжүүлэх гээд янз бүрээр оролдоод чадахгүй байна.
Анх 1953 онд нээсэн юм гэнэ лээ. 1990 он хүртэл хөдөлгөөгүй, тэр үед чинь ард түмний өмч байлаа шүү дээ. 1990 оны эхэнд Австралийн дэлхийд нэг номерийн Би Эйч Би компани аваад 1997 онд ашиггүй гээд лицензийг нь буцаагаад өгчихсөн. 1997 онд Майн инфо гээд компани авсан. Тэр үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга н.Энхсайхан гэж хүн байсан. Жаргалсайханы дүү нарын компани л даа. Тэр компаниас Батболдод шилжээд, 2007 он хүртэл Батболд дээр байсан. С.Баяр Ерөнхий сайд болоод улсын мэдэлд авна гээд сүүлд нь энэ Эрдэнэс Тавантолгой болж хувирсан.
2007 он хүртэл буюу 2006 онд юу болсон гэхээр УИХ-ын гишүүн байсан компанитай хүмүүс нийлж, Энержи ресурс консорциум байгуулаад тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед нурсан. Улсын мэдэлд орсоноос хойш одоо 7 жил болж байна. Ийм л юмнууд цаана чинь болоод байгаа юм.
-Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн гэрээг Арабын Эмират улсад очиж гарын үсэг зурлаа шүү дээ. Энэ үйлдлийг та юу гэж дүгнэж байна?
-Байж болох, үгүйг би хэлж мэдэхгүй. Ерөнхий сайд явсан гэдгийг бүлгийн хуралдааны үеэр л мэдсэн. Ямар учиртай юманд гарын үсэг зурсан гэдгийг би мэдэхгүй. Блүүмбэрг тв-ээр гарч байгааг харсан. Далд уурхай дээр үүссэн гацааг арилгах зорилготой гарын үсэг зурсан гэж байна. Ямар бичиг баримтад гарын үсэг зурсан гэдгээ иргэж ирээд төр улсдаа тайлагнах байлгүй дээ.
-Оюутолгойн төслөөс татвар их бага авдаг, роялти бага авдаг гэж шүүмжилдэг. Таны бодлоор энэ урагшлуулах төсөл мөн үү?
-Өөр яахав. 2014 онд 300 тэрбум төгөргийн татвар төлсөн байна лээ. Эрдэнэтийн төлсөн татвар 426 тэрбум. 126 тэрбумаар бага гэсэн үг. Огт юмгүй үлдээгээгүй байгаа биз дээ. Энэ төслийн 70-80 хувь далд уурхай хөдөлж байж ашиглагдах төсөл. Далд уурхайг барих нь энэ төслийг хөдөлгөх амин чухал эрх ашгийн асуудал л даа. Эрдэнэтээс 6 дахин хүчтэй гэж тооцогддог. Далд уурхай баригдсан тохиолдолд энэ төсөл 6 дахин нь илүү хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Ийм өнцгөөс нь харах юм бол далд уурхайн төслийг хөдөлгөх баримт бичийг үзэглэсэн нь муу зүйл биш байж мэднэ.
Зүгээр гэнэт яваад баримт бичигт тэгээд гадаадад очиж гарын үсэг зурчихаж байгаа нь л хардах эрх үүсгэсэн юм биз дээ. Тэгэхдээ хардахын тулд баримт бичгийг нь унших хэрэгтэй. Зөв баримт бичигт гарын үсэг зурсан бол хардаад байх шаардлага байхгүй. Гэрээндээ таарч уу үгүй юу, манай хуулинд нийцэж үү үгүй юу, монголын эрх ашигт нийцэж үү үгүй юу гэсэн гурван шалгуураар үзээд л болж байна гэх юм бол хилийн чанадад гарын үсэг зурсныг нь буруутгахгүй.
-Далд уурхайн хөрөнгө оруулалтын 5.4 тэрбумын маргаан байгаа шүү дээ. Энэ мөнгө нь шийдэгдсэн гэж ойлгож болох уу?
-Тэрэн дээр тохиролцлоо гэж ойлголоо ш дээ. Би дахиад хэлье, ямар баримт бичигт гарын үсэг зурсныг уншиж байж дараа нь дүгнэнэ. Тэрнээс өмнө хоосон хийрхэж болохгүй. Гол асуудал далд уурхайн санхүүжилтийг яаж босгох вэ гэдэг дээр ойлголцож чадахгүй Н.Алтанхуягийн Засгийн газар 3 жил хугацаа алдсан шүү дээ. Энэ төсөл 2012 оны сонгуулийн дараа л хөдөлж эхэлсэн. Тэрнээс өмнө бүтээн байгуулалтаа хийж байсан, 2012 оноос бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн.
-Эрчим хүч уул уурхайд оруулсан зээлийг улсын өрөнд тооцохгүй гэж яригдаад байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Би эсрэг л байгаа. Наад асуудал чинь өрийн таазыг нэмэгдүүлэх муу арга шүү дээ. Ямар ч тохиолдолд наад зээлийг чинь улс л төлнө, бүтээгдэхүүн гаргаад ашиг олоод зээл төлнө гэж байхгүй. Төмөр замд ч, эрчим хүчний салбарт ялгаагүй. Эрчим хүчний төсөлд 2 төсөл яригдаад байгаа. Нэг нь 5 дугаар цахилгаан станц, нөгөө нь Эгийн голын усан цахилгаан станц. Эгийн голын усан цахилгаан станцыг өөрийн хөрөнгөөр босгочихоод тэрнээс гарсан цахилгааныг ард түмэнд худалдаад олсон ашгаараа өр төлнө гэж бодож байна уу тийм юм гэж хаана ч байхгүй.
Яагаад гэвэл Амгалангийн дулааны цахилгаан станцын барилгыг зээлээр бариулахдаа эхэлж, бүтээгдэхүүний үнээс зээлдүүлнэ гэж байснаа сүүлдээ улс төлөхөөс өөр аргагүй байдалд хүрчихээд байгаа шүү дээ. Би энэ талаар бүлгийн хуралдаан дээрээ ярьсан. Ингэж хулгайн маягаар өрөө нэмж байхаар Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хүчингүй болго. Тэгээд ч хамтарч Засгийн газар байгуулахдаа гадаад өрийг нэмэгдүүлэхгүй гэж худлаа тохиролцооноосоо татгалзсан гэдгээ ард түмэнд хэлээд зээлээ ав гэдэг асуудлыг хэлсэн.
-Гэмт хэргийн өршөөлийн тухай хууль гаргана хэмээн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хууль огт яригдахгүй байна. Эдийн засаг хүнд байгаа гэсэн мөртлөө хорих ангиудад хоригдож байгаа хүмүүст 10 гаруй тэрбумыг төсөвөлөдөг гэж байна. Тэднийг өршөөснөөр төсвийн хэмнэлт гарах болов уу?
-Тэр хүмүүсийн өргөн барьсан хуулийн талаар би юм хэлэхгүй. Гэхдээ Өршөөлийн хуулийг ямар нэгэн тэмдэглэлт баярыг тохиолдуулаад гаргадаг. Би өөрөө ч тэр хуулийг гаргаж л явсан. Тэрийг яагаад хэлэлцэхгүй байгааг УИХ-ын удирдлагуудаас асуусан нь дээр.
-Өнгөрсөн хугацаанд гарсан Өршөөлийн хуулиуд хоорондоо ямар зайтай гарч ирсэн юм бол?
-Янз бүр л байдаг. 10 жилийн хугацаатай, 4-5 жилийн хугацаатай ч гарч байсан. Хамгийн сүүлд 2010 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон хойноо нэг гаргаж байсан. Тэр хуулийн дагуу хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн 1000-1200 орчим л хүн хамрагддаг. Тэдгээр хүмүүсийн өршөөгдөж байгаа тооноос нь харвал нийт гэмт хэрэг үйлдээд хоригдсон хүмүүсийн хэргийн өнгө харагдана.
Ер нь манай гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нь хүнд, онц хүнд нь л давамгайлаад байдаг юм. Эмэгтэйчүүдийн хориход гэхэд хүний аминд хүрсэн, олон удаагийн залилантай хүн ордог. Хүүхдийн хориход хүний аминд хүрсэн хүүхдүүд л байдаг. Онцгой, чангад ял эдэлж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь хүнд хэрэг үйлдээд тэнд орсон байдаг. Нийт 7000 орчим хоригдлын 1200 нь л Өршөөлийн хуулиар гарна гэхээр гэмт хэргийн өнгө нь л тэр. Энэ хуулийг хэзээ хэлэлцэж гаргахыг харин би мэдэхгүй.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ