Жирэмсэн хүн хүүхэд зодож байсан гэхээр хэцүү байна

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх ёстой байсан ч улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар ирээгүйн улмаас шүүх хуралдаан хойшиллоо.
Тодруулбал, Хохирогчийн өмгөөлөгч н.Манлайжав "…Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэсэн хүсэлт гаргасан, Мөн Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Цолмон сургалтанд сууж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн албан бичиг ирүүлснийг шүүх хүлээн авчээ.
Ингэхдээ шүүх хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулж, Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас "…Шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү…” гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан. Асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүх хуралд “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын төлөөллүүд оролцлоо.
Тус ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Уянга “Шүүх хурал бүрэн бүрэлдэхүүнээр хуралдах боломжгүй учир хойшиллоо. Г.Маралмаа жирэмсэн, адилхан эмэгтэй хүн болохоор хэцүү харагдаж байна лээ. Гэхдээ жирэмсэн байхдаа хүний нялх үрийг зодож байсан гэхээр сэтгэлд үнэхээр хүнд байна. Хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт найдаж байгаа. Бид шүүхийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэнэ. Энэ байдал манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал ямар байгааг харууллаа. Бас хэвлэлийнхнийг хохирогчийн ээжид хүндэтгэлтэй хандаасай гэж хүсч байна” гэж ярилаа.
Яллагдагч Г.Маралмаа 6-7 сартай жирэмсэн бөгөөд эмчийн хяналтад орох хүсэлт тавьсан байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ