Оюутолгойн өгөөжийн 54.9 хувь манайд ирнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Дубай хотноо бид бүхэн Оюутолгойн удаан хүлээсэн Далд уурхайг үргэлжүүлж ажиллуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубай зэрэгт хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн явуулсны үр дүнд бид Дубайд хамгийн сүүлийн хэлэлцээрээ хийж гарын үсэг зурлаа. Дэлхийн санхүү эдийн засгийн томоохон төвүүдийн нэг Дубайд гарын үсэг зурсан нь их ач холбогдолтой боллоо.
Дубайд энэ том төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь дэлхий дахинд хурдан хугацаанд сурвалжлагдаж, эерэг мэдээлэл өгөхөд маш их дөхөм боллоо. Хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагчдад баяр хүргэж байна.
Ерөнхий сайдын хувьд ямар нэг гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг үргэжлүүлэн ажиллах төлөвлөгөөд холбогдох байгууллагын дарга нар гарын үсэг зурсан.
Өнөөдрөөс эхлээд Оюутолгой, Засгийн газар улс төрийн өмч биш, эдийн засаг, компани хоорондын асуудал болно. Тиймээс улс эх орноо боддог юм бол улстөрчид энэ асуудалтай хутгалдах шаардлага байхгүй болсон. Оюутолгойг орхих хэрэгтэй.
Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлаа ярилцахдаа 2009 оны гэрээг үндэслэж явсан.
2009 оны ТЭЗҮ-гээр 2 тэрбумын хэтрэлтийн асуудал яригддаг. Гэхдээ 1.2 тэрбумын хэтрэлт дээр удирдлагын зардлыг төлбөрийг төлнө. Бусад дээр төлөхгүй гэж тохиролцсон.
Манай талд ашигтай болсон бас нэг зүйл. Удирдлагын менежментийн зардлыг 6 хувиар тогтоосон байсан. Далд уурхайн бүтээн байгууллалтын үйл явц үргэлжлэх 7 жилийн хугацаанд үүнийг 3 хувь болголоо.
Бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Хоёр талаас 2, 2 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад монголын талын хүн ахлаад цаашид Оюутолгой дээр хийх бүх зардалд Монголын Засгийн газар хяналтаа тавих боломжтой болсон.
Та бүхэн 53:47 гэдэг тоог байнга сонсож байсан байх. Монголын тал 53, Рио тинтой 43 хувийг авна гээд. Гэтэл энэ тоо ямар нэгэн баримт, бичиг дээр тусгагдаагүй байсан. Тэгвэл бид нар Далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан.
Энэ төсөл дээр гадны томоохон зөвлөх компанийг авч ажиллуулахгүй байна гэж шүүмжилж байсан. Тиймээс томоохон хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авч ажиллуулсан. Үүний үндсэн дээр хоёр талын бүх тоо, тооцоо нэг болсон. Ингэсний дүнд монголын талын авах байсан 53 хувь 54.9 болж тохиролцоо хийсэн. 2009 оны гэрээгээр үүнээс илүү манай талд ашигтай байх боломж байхгүй байсан.
Мөн татварын асуудал үүссэн байсан. Бид 30 сая долларын татвараа аваад, цаашид ямар нэгэн маргаангүй явахаар тохирсон байгаа. Гэрээний дагуу, Монгол Улсын хуулиудын хүрээнд нэг мөр асуудлыг шийдсэн. Дахин ийм маргаан гарахгүй.
Далд уурхайг үргэлжүүлж ажиллуулах төлөвлөгөөнд нууц юм байхгүй. Бид монгол орчуулгыг маргааш Засгийн газрын вэб хуудсанд албан ёсоор тавина.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ