Иргэний нисэхийн салбарын 700 гаруй хүн энгэрээ цооллоо

Монгол Улсад нисэх хүчин үүссэн түүхт ойн өдөр өнөөдөр тохиож байна. ИНЕГ-аас өнгөрсөн гуравдугаар сараас хойш мойгоо угтаж олон бүтээлч арга хэмжээ зохион байгуулсан юм. Харин өнгөрсөн бямба гаригт иргэний агаарын тээвэрчид баярын хурлаа хийж, салбартаа гавьяа байгуулсан эрхэмүүдэд шагналын хур буув.
“Нисэх хүчин-90 жил” хүндэтгэлийн арга хэмжээнд гадаад дотоодын хүндтэй зочид оролцож, иргэний нисэхийн 90 жилийн түүхэн замнал, өнөөгийн байдал, хөгжлийн бодлого зэрэг олон сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо. Баярын хуралд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төвийн захирал Arun mishra, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны Хойд азийн төвийн дарга Baojin zhang төлөөлөгчдийн хамт, ОХУ-ын Холбооны агаарын тээврийн агентлагийн дарга A.V.Neradko мөн япон улсын төлөөлөгчид оролцсон юм.
Хурлын үеэр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төвийн захирал Arun mishra “Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнөөс та бүхэнд Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны баярын мэнд хүргэе. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд иргэний агаарын тээвэр чухал нөлөө үзүүлж байгаа гэсэн судалгаа байдгийг би сонсож байсан. Монгол Улс газар нутаг өргөн уудам, автомашинаар зорчиход бартаатай учраас нисэхийн салбар хөгжих бүрэн боломжтой. Шинэ нисэх буудал барьж байна гээд нисэхийн салбар хөгжиж байгаа нь харагдаж байна. Мөн энэ салбарыг улам илүү хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.Эрхзүйн орчин ч хангалттай сайн байх ёстой” гэлээ. Нисэхийн салбарынхан зөвхөн баяраа тэмдэглэх биш асуудлаа ярих хэрэгтэйг энэ үеэр онцолсон юм. ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэг "Иргэний нисэхийн салбарт нэлээд хэдэн зарчмын өөрчлөлтүүдийг хийж байна. Иргэний нисэхийн агентлагийн төрийн үйл ажиллагаа зохицуулалт, аж ахуйн үйл ажиллагааг тусад нь болгож байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед орлогоо яаж нэмэгдүүлэхэв гэдэг дээр анхаарч зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөлтүүдийг их хийж байна. Мөн агаарын тээврийн транзит монгол болгох тал дээр анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо.
Баяраа угтсан энэ өдөр Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, ИНЕГ-аас салбартаа манлайлж, идэвхи зүтгэл гаргасан 700-аад хүнийг хүндэт тэмдэг, ойн одон медалиар шагнаж урамшууллаа.
С.САРУУЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ