Сургуулийн нийгмийн ажилтны олон улсын хурал болно

Манай улсад нийгмийн ажлын мэргэжил, үйлчилгээ 1997 оноос хойш цоо шинээр үүсч хөгжөөд 18 дахь жилдээ үргэлжилж буй. Энэхүү мэргэжлийн эхлэл нь боловсролын салбарт анх тавигдаж , одоо эрүүл мэнд, нийгмийн халамж, хорих байгууллага, сум хороо, иргэний нийгмийн байгууллага зэрэгт өргөжин хөгжиж нийгмийн ажил, үйлчилгээний үндэсний тогтолцоог бүрдүүлээд байна.
Тэгвэл ирэх зургаадугаар сарын 10-12 өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хүүхдэд ээлтэй сургууль” сэдвээр олон улсын хурал зохиогдохоор болжээ. Энэхүү сургуулийн нийгмийн ажилтны олон улсын их хуралд АНУ, Швед, Австрал, Хонг-Конг, ХБНГУ, БНСУ, Япон, Сингапур, Англи, Өмнөд Африк, Гана, Нигер, Канад, Норвеги зэрэг 18 орны 6О гаруй хүн, НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Энхтайвны Корпус, Японы Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Зөн зэрэг Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох аж.
Энэ үеэр “Эерэг харилцаа холбоо: Сургуулийн удирдлага, сурагчид, багш, ажилтнууд харилцааны эерэг орчинг бүтээхэд өдөр бүр анхаарах, Хүүхэд хамгаалал: Сургуулийн орчинд хүүхэд хамгааллыг байнга баталгаажуулан ажилладаг байх, Хүүхдийн оролцоо: Сургууль дээр суралцагчдын оролцох, хөгжих эрхийг идэвхтэй хангах, Хамтын ажиллагаа: Суралцагчдын ирээдүйн сайн сайхны төлөө гэр бүлийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх гэсэн дөрвөн салбар хуралдаан болох юм.
Хурлыг зохион байгуулснаар дэлхийн олон оронд, түүний дотор Монгол улсад Сургуулийн нийгмийн ажлыг хүүхэд, гэр бүл, эцэг эх, багш, олон нийтэд хүргэж, тэдний оролцоог өргөжүүлж, боловсролын салбарт “Хүүхэд хамгаалал” хөтөлбөр, төслийг мэргэжлийн түвшинд боловсруулан хэрэгжүүлнэ
Мөн манай улсын нийгмийн ажилтнуудын хувьд олон улсын нийгмийн ажлын шилдэг туршлагаас харилцан суралцаж, санал бодлоо хуваалцаж, харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа өргөжинө хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Урьдчилсан байдлаар БСШУЯ, ХАХНХЯ –ны газар, хэлтсийн удирдах ажилтан, Аймаг, нийслэлийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн, нийслэлийн дүүргүүдийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, сайн дурын ажилтан, нийгмийн ажлын мэргэжлийн холбоод, их дээд сургуулийн багш, эрдэмтэд, ХТҮГ, НХГБХГ, Олон улсын байгуулллагын төлөөлөгч зэрэг 200 гаруй хүн оролцохоор төлөвлсөн байна.
Дашрамд дуулгахад, Монголын сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг 2001 онд Нийслэлийн сургуулийн нийгмийн ажилтнуудын санаачлагаар байгуулагдаж, одоо 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэй, 600 гаруй гишүүнтэй үндэсний хэмжээнд 14 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иржээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ