Үндсэн хуульд нийцүүлж шүүх байгуулна

УИХ-д Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн бариад буй билээ. Тэгвэл өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ.
Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6,11 дэхь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулж, Засгийн Газартай зөвшилцөн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан билээ.
Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө зайлшгүй батлах шаардлагатай гэдгийг тэрбээр онцоллоо. Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж дараах таван чиглэлээр өөрчлөлт оруулахаар тусгажээ.
Уг төсөлд давж заалдах шатны шүүхийг 2013 оны Шүүх байгуулах тухай хуульд тоогоор дугаарлаж байсан нэршлийг өөрчилж, тухайн шүүхийн байрших газрын нэрээр нэрлэхээр тусгасан. Тухайлбал, "Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, "Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” гэх мэт. Хуулийн төсөлд давж заалдах шатны шүүх нь харьяалж буй бүх аймагт байрлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан аймаг бүрт шүүх хуралдаан хийх боломжтой.
Энэ нь аймаг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа юм. Түүнчлэн Сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгасан юм.
Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг нийт 21 аймаг, нийслэлд байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ.Тухайлбал /Булган, Сэлэнгэ аймагт шинээр/ Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулах юм. Ингэснээр энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд заасан зөрчил арилна.
Дүүргийн шүүхийг 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар "Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”, "Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх гэж нэрлэснийг өөрчилнө. "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэт харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэж, Улаанбаатар хотод байгуулна. Ингэснээр дүүрэг тус бүр харьяалах шүүхтэй болох юм.
Энэ хууль батлагдсанаар шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй бөгөөд шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, орон сууцаар нэмж хангах асуудал гарахгүй, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүйн зэрэгцээ их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй байхаар боловсруулсан талаар онцоллоо.
Тэгвэл Сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон 2 ерөнхий шүүгч, 6 шүүгч тус тус нэмэгдэж байгаа боловч энэ тоо нь УИХ-ын 2013 оны 12 дугаар тогтоол /Шүүгчийн орон тоог батлах тухай/-оор баталсан орон тооны хязгаарт багтаж байгаа аж. Давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шүүгч томилолтоор ажиллахтай холбогдон нэмэлт зардал гарах боловч эдгээр нь 2015 онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв батлах шаардлагагүй юм байна.
Эх сурвалж: judcouncil.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ