Ерөнхийлөгч алтан хөшөөтэй болов

img

Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг морь унаж буйгаар дүрсэлсэн алтан хөшөө Ашхабад хотын төвд сүндэрлэсэн тухай “www.spb-piter.ru” мэдээллээ. 21 метр өндөр хүрэл хөшөөг нь 24 каратын алтаар бүрсэн хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас уламжилсан байна.

 

Ерөнхийлөгчийн алтан хөшөөг “Хамгаалагч эзэн” хэмээн нэрлэжээ. 2013 онд Ерөнхийлөгч алтан тоноглолтой мориор Туркменистаныг тойрон аялсан билээ. Ордны гэрэл зурагчин Ерөнхийлөгчийн ташуураа барьсан зургийг авч төрийн сайтад нийтлүүлсэн аж. Уг хөшөөг барихад энэхүү зурагнаас санаа авчээ. Хөшөөний нээлт өнөөдөр орон нутгийн цагаар 12.00 цагт болсон ч Ерөнхийлөгч улсын ажлын улмаас биечлэн ирж чадаагүй байна.

 

Өнгөрсөн сараас эхлэн хөшөөний ойр орчмыг цагдаа нар хамгаалалтад авч ямар хөшөө баригдаж байгаа нь иргэдийн хувьд нууц байсан юм. Нээлтэд 500 гаруй хүн оролцсон байна. Хөшөөг нээж бүтээссэн даавууг нь авах үеэр Туркменистан төрийн дуулал эгшиглэжээ.

 

Гурбангулы Бердымухамедов нь 2006 оноос хойш тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ