Байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдах байсан боловч хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар, “20 хоногийн өмнө Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл манай байнгын хороонд Нийгмийн даатгалын сангийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр байнгын хорооноос Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар саналаа боловсруулж, 14 хоногийн дотор байнгын хороонд танилцуулах үүрэг өгсөн. Энэхүү хугацаа өнгөрсөн тул өнөөдөр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.
Байнгын хорооны дарга А.Бакей, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс танилцуулга ирүүлээгүй байна. Тус зөвлөл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хуралдаж, Ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нэг удаа хуралдсан бөгөөд одоогоор саналаа боловсруулж дуусаагүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн” хэмээн хариулав.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг хэлэлцээгүй тул МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхин гарсан юм. Тус байнгын хороогоор мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг мөн хэлэлцэх байлаа.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг боловсруулах ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалыг нарийвчлан тодорхойлох үүргийг дэд ажлын хэсэгт өгсөн. Энэхүү нарийвчилсан тодорхойлолт хараахан бэлэн болоогүй учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч өгнө үү” гэсэн горимын санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Ийнхүү байнгын хорооны хуралдаан хойшиллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ