Хүйтэн зэвсгээр биш хүнлэг сэтгэлээр зэвсэглэхийн ухаарлыг шаглажээ

img

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс "Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг" номыг бэлтгэн гаргаж олны оюун, мэлмийд өргөн барилаа.

 

Энэхүү номд энэ цаг үеийн ур ухааны дархлаач их найрагч Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Т.Галсан, До.Цэнджав, Ай.Төмөр-Очир, ахмад сэтгүүлч Г.Жамъян болон их хамба С.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, ахмад дипломатч Ш.Чойнхор, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Хулан, зохиолч сэтгүүлч Б.Галаарид, найруулагч Ш.Жигжидсүрэн, дуун хөврүүлэгч Д.Болдбаатар нарын цагдаа хүн, цагдаагийн албаны тухай урам нэмсэн, итгэл, зориг хайрласан үгсээс бүтжээ.

 

Өнөөдөр ЦЕГ-ын дарга тэргүүн комиссар Р.Чингис тэргүүтэй тус газрын даргын зөвлөлийн гишүүд уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Ай.Төмөр-Очир, Г.Жамъяан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Жигжидсүрэн нар хүрэлцэн ирсэн.

 

Энэ үеэр “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номын редактор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав “Ном гэдэг бол ариун адистай эд. Бичсэн үлдэж, ярьсан замхарна гэдэг алдартай үг байдаг. Бусад салбарынхан зохион байгуулж чадаагүй байхад та нар үүнийг санаачилсан нь гайхалтай байна. Аргагүй иргэний, ардын цагдаа юм байна. Манай Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүний цагдаа гэнэ” гэж гайхалтай хэлсэн байдаг. Энэ номыг бүгдээрээ шүүж уншаарай,  тунгаагаарай. Тангадын Галсан, Шаравын Сүрэнжав, Дөнгөтийн Цоодол, Галсангийн Жамъян, Гомбожавын Жигжидсүрэн, Ай Төмөр-Очир, Чойжамц хамба, Г.Болдбаатр орчуулагч, Пүрэвбат лам гээд та нар сорчилж чадсан. Энэ хүмүүс бүгд сайхан үг хэлсэн байна лээ. Р.Чингис комиссарын хэлдгээр үгээ харамлаагүй байна лээ. Мөн санууштай харилцааны тухай ч хэлсэн байж байгаа” гэж хэлсэн юм.

 

Харин Ардын уран зохиолч Т.Галсан “Голдуу баригдаж ирдэг байсан Галсан өнөөдөр уригдаж ирж үзлээ. Байтлаа генералуудыг байцааж байсан Жамъяан энд сууж байна. Баатарлаг их үйлсийг нь кинонд мөнхөлсөн Жигжидсүрэн сууж байна. Бал бурам нүжиг чуулсан юм шиг үгээр цагдаагийн хөдөлмөрийг бичдэг миний найз өндөр Цоодол энд байна. Байтлаа тэр Дорнодын хар чоно Ай.Төмөр-Очир, энэ номыг бүтээж ариутган шүүсэн өнөөдөр утга зохиолд магнай дээрээ тоосгүй яваа До.Цэнджав нарыг та нар цөмийг аваад ирж. Бяртай юм аа. Миний бодож байгаагаар энэ ном бол цагдааг хүйтэн зэвсгээр биш хүнлэг сэтгэлээр, гэгээлэг оюунаар зэвсэглэхийн ухаарал сүвлэсэн тэр ухаарлыг шагласан ном байгаа. Үүнд энэ номын ач холбогдол оршино доо. Тэнгэрийн дор төрснийх хурнаас зайлж болдоггүйг би тэмээ хариулж байсны хувьд их сайн мэднэ. Төрийн доор төрснийх хууль цаазнаас зайлах ёсгүй. Гэтэл тэгдэггүй дэггүйчүүд байдаг. Тийм малыг бол шилбүүрээр ороолгож, сүрэгт нь нийлүүдэг. Тэгэхээр төрийн дор төрсөн атлаа хуулийг дээдэлдэггүй дүрсгүйчүүдийг сэнхрүүлэх хүмүүнжүүлэх, хүн болгож авахад цагдаагийн үүрэг их. Энэнийг бол миний үзэг нэгт нөхөд нэгэнт шар тос хайлаад зулын цөгцөнд зугтаж байгаа юм шиг тэгж  чин сэтгэлээ асган туурвисан учраас номын агуулгыг үл өгүүлсүгэй” хэмээсэн.

 

Тэрбээр ЦЕГ-ын дарга тэргүүн комиссар Р.Чингист номын дээжээсээ гардуулахдаа “Би Есүхэй больё, чи Тэмүүжин бол” гэж дотночлон хошигнож байсан юм.  

 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Цагдаа энэ сайхан ном гаргана гэдэг бол үйлсээ мөнхөлж байгаа юм. Та нар хүний өмнө нүүр улайхааргүй ном гаргажээ. Монголын овоо гэж байгаа улсаар зүрхний үгүйг хэлүүлж, номын хийц хэлбэр сайхан ном болжээ. Цагдаа гэдэг хэн бэ гэдгийг харуулсан байна. Залуу, омголон байхад цагдаатай таарахгүй байдаг байж. Харин одоо бол тэдний ачаар хөгшид бид амар амгалан нойрсож унтаж байна. Харанхуй шөнө, аюул осол хамаг муу юмтай л цагдаа учирч байна. Ард түмнээ хайрлаж, хамгаалдаг цагдаагаа төр хайрлах цаг болсон” гэж хэлээд өөрийн бичсэн цагдаагийн тухай найраглалаасаа уншиж өглөө.

 

“Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номын ерөнхий редактороор Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч До.Цэнджав, редактороор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү, сэтгүүлчээр яруу найрагч, сэтгүүлч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Төгсжаргал ажилласан байна. Тус газрыг зүгээс ийнхүү цуврал номуудыг гаргах ажлыг эхлүүлж буй бөгөөд “Цагдаагийн генерал” ном удахгүй хэвлэгдэх аж.

 

Б.Хүлэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ