Геологи уул уурхайн сургуулийн оюутнуудтай уулзлаа

img

“Эрдэнэс Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өнөөдөр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн оюутнуудтай уулзаж, лекц уншлаа.

 

Тэрбээр энэ үеэр “Уул уурхайн салбарын мэргэжилтэн гэдэг манай улсын хувьд хамгийн эрэлт хэрэгцээ өндөртэй боловсон хүчнүүдийн нэг юм. Дээд сургуулиа төгсөөд маш том өрсөлдөөнд та бүхэн хүчээ үзэн ажиллана гэж өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж, хариуцлагатай, эхлүүлсэн ажлаа дуустал хийж сурах нь чухал. Хүмүүс эхлүүлсэн ажлаа дуусгалгүй орхидгоос амжилтанд хүрч чаддаггүй. 

 

Өөр нэг чухал зүйл нь хүн өөрийгөө маш сайн танилцуулж сурах юм. Танилцуулгыг бичгээр болон амаар маш сайн хийж сурах нь амжилтын гол үндэс. Гурван сая монголчууд маань дэлхийн зах зээлд өчүүхэн бага хувь эзэлдэг.  Тиймээс бид маш их хөдөлмөрлөж, тууштай, идэвхитэй ажиллаж байж дэлхийд илүү сайн танигдана” хэмээн онцоллоо.

 

Уулзалтын төгсгөлд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд суралцдаг  шилдэг зургаан оюутан зуны амралтаараа “Эрдэнэс Монгол” ХХК-ний шугамаар үйлдвэрлэлийн дадлага хийх тэтгэлэгт эрхээр шагнуулав.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ний хувьд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран ажилладаг бөгөөд оюутнуудыг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь тус дэм болох үүднээс энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан аж. Оюутнуудад тодорхой хэмжээний мэдээлэл олгосноор өнөөдрийн эдийн засгийн өрсөлдөөнтэй нөхцөлд хэрхэн ажиллаж, амьдрах зөв сонголтыг хэрхэн хийхэд нь тус дэм болж, мэргэжлээрээ уул уурхайн компаниудад очиж дадлага хийх боломжоор хангаж байгаа юм байна.

 

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын III дамжааны оюутан Пүрэвбаатарын Нямсүрэн:

 

Үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгосонд баяртай байна. Дунд сургуулийн IX ангидаа ээжтэйгээ хамт, уул уурхайн компанийн үйл ажиллагаатай танилцах боломж олдсон.

 

Энэ танилцуулгын үеэр уурхайн мэргэжлийг сонгосон эмэгтэй уул уурхайн мэргэжил хүнд хэцүү санагдаагүй, гоё мэргэжил.

 

Төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажиллахыг хүсдэг.  

 

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Хайгуул өрөмдлөгийн, технологийн III дамжааны оюутан Цолмонгийн Ням-Эрдэнэ:

 

Зуны амралтаараа ажиллах газар хайж байсан. Тэгтэл үйлдвэрэллийн дадлага хийх тэтгэлэг гардлаа. Үнэхээр баяртай байна.

 

Багаасаа л энэ мэргэжлээр ажиллахыг зорьсон болохоор цаашдаа илүү сайн хичээж суралцаад, мэргэжлийнхээ дагуу амжилттай ажиллахыг хүсч байна.

 

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ