“Сэлбэ” зусланд 1000 хүүхдийг үнэгүй амраана

img

Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар Улс төр менежментийн академийн дэргэдэх нийгмийн хариуцлагын төвөөс “Инээж буй нархан” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд хүүхдийн зуны амралтыг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 1000 хүүхдийг “Сэлбэ” зусланд ямар ч үнэ төлбөргүй амраах эрхийн бичиг олгохоор болжээ.

 

Нийгмийн шинжтэй төсөлд ихэвчлэн эмзэг бүлгийн хүүхдэд чиглэж байдаг бол үнэгүй амрах 9-14 насны 1000 хүүхдээс 500 хүүхдийг нь утсаар холбогдон бүртгэх гэнэ. Харин үлдсэн 500 хүүхдийг нь урлаг, спорт, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байдал, хичээлийнхээ хажуугаар ажил хөдөлмөр эрхэлдэг гээд тодорхой шалгууруудыг тавьж хүүхдүүдээ өөрсдөө олох юм байна.

 

“Сэлбэ” зуслан нь засвар тохижилтын ажлаа бүрэн хийж одоо хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсон тул төслийн багийнхан хүүхдүүдээ бүртгэж эрхийн бичиг олгож, явах ээлжээ сонгох эрх олгох гэнэ. Мянган хүүхдийг үнэ төлбөргүй амраахад багагүй хэмжээний зардал гарах учраас түүний тал хувийг нь төслийн баг бусдыг нь хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэлтэй зарим аж ахуй нэгжүүдийг татан оролцуулах аж.

 

Зусланд амрахад хүүхдүүдээс 30.000 төгрөгний бүртгэлийн хураамж авах ба энэ нь унааны зардал, амь даатгал, эмчийн үзлэг болон бусад туслах үйлчилгээнд зарцуулагдах юм байна. 1000 хүүхдийг таван ээлжинд хуваан амраах бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 70116064, 98106064, 98096064 утсаар авах боломжтой ажээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ