Реналь Люзье: “Charlie Hebdo” намайг голсон

img

Францын шог сэтгүүл “Charlie Hebdo”-ийн ерөнхий зураач Реналь Люзье саяхан ажлаасаа гарч буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр тус сэтгүүлд 1996 оноос хойш ажилласан бөгөөд исламын их зөнч Мухаммедийн шог зургаараа олонд алдаршсан юм. Зураачийн “CNN агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-Өнгөрсөн оны сүүлээр болсон “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцийн байранд хэт даврагчид халдлага үйлдэж, харамсалтайгаар 12 хүн амиа алдсан. Тэр аймшигтай өдрийн тухай яриач?

-Үнэхээр аймаар зүйл болсон. Би өнөөдрийг хүртэл хар дардаг. Миний өмнө найзууд минь амиа алдаж байсан. Би айснаасаа болоод тэдэнд туслаж чадахгүй, зүгээр л амиа алдахыг нь хараад зогсч байсан. Бурхан минь намайг уучлаарай. Буутай хүний өөдөөс үзгээ бариад тэмцэх хэрэгтэй гэдгийг тэр аймшигт өдөр ойлгосон. Миний амьсгал тасрах хүртэл би үзгээ барьж тэмцэх болно. Дэндүү харамсалтайгаар амиа алдсан анд нөхдөө дурсах, хайрлах энэнээс өөр арга алга. Би үзгээ орхиж, биеийн амраа харвал бурхан болон анд нөхөд минь намайг өршөөхгүй байна. Надад үзгээ орхиж, хогийн саванд хийх эрх байхгүй. Миний гар бус зүрх минь зураг зурдаг.

 

-Хэрвээ та Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдадигийн шог зургийг зураагүй байсан бол халдлага болохгүй байсан гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс өгч, халдлагыг өдөөн турхирсан хүнээр таныг нэрлэсэн?

-Тиймээ. Би буруутай ч байж магадгүй. Гэхдээ би түүний зургийг зураад, сэтгүүлд нийтлүүлээгүй. Надад захиалга өгсөн. Харамсалтай нь миний зурсан зурагнаас болж олон хүн амиа алдаж, Франц айдаст автсанд харамсч байна.  

 

-Халдлагын дараа “Charlie Hebdo” илүү хүчирхэгжиж, жинхэнэ дайсныхаа аюулаас үл хайрлаж, Мухаммедийн шог зурагтай сэтгүүлийг худалдаанд гарсан. Дахин халдлага болох вий дээ гэж айгаагүй хэрэг үү?

-Би энэ дугаарыг гаргах үедээ уйлж байсан. Нулимс яг бороо шиг элбэг бас дуусашгүй байсан. Үнэхээр хэцүү үе. Цусанд будагдсан редакцийн өрөөнд суугаад л сэтгүүлээ гаргасан. Би Мухаммедийн зургийг зурж байхдаа уйлж бас уур хилэнд автсан байсан. Тийм ч учраас энэ дугаар олон хүний дургүйг хүргэсэн. Бурхан минь Мухаммедийн зурагтай сэтгүүлээс болж Ойрхи Дорнод, Африкт ямар аймаар зүйл боллоо. Би энэ бүхнийг хараад сууж байхдаа шашинд автах ямар хор нөлөөтэй гэдгийг ойлгосон. Гэхдээ би тэдний өмнөөс шийдвэр гаргах ёсгүй байх.

 

-Дахин Мухаммедийг зурахгүй гэдэг амлалтаа зөрчих тохиолдол гарвал?

-Амласандаа хүрэх болно. Өөрийнхөө болон бусдын сайн сайхны төлөө амлалтаа зөрчихгүй. Гэхдээ буруугүй байхад буруутан болговол үзгээ бариад тэмцэх болно.

 

 

-Гэхдээ та “Charlie Hebdo” сэтгүүлээс гарч, чөлөөт уран бүтээлч болж буйгаа мэдэгдсэн?

-Би дахин их зөнч Мухаммедийн зургийг зурахгүй. Би шог зураг зурахаас айж байна. Энэ тухайгаа сэтгүүлийн удирдлагуудад хэлэхэд “Хамтран ажиллах таатай байлаа” гэж хэлсэн. Би “Charlie Hebdo”-г орхисон бус “Charlie Hebdo” намайг голсон.

 

-Ирээдүйн төлөвлөгөөний тухайд. Ямар нэгэн шог сэтгүүл, сонинд очих бодол байна уу?

-Их төлөвлөгөө байна. Гэхдээ энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Би бол энгийн нэгэн зураач. Миний хэрхэн амьдрах бусдад хамаагүй. Би олны танил биш. Тиймээс намайг онцолж, гол бичвэрээ болгох утгагүй хэрэг.

 

-Таны хувьд исламын шашны улсууд хаалттай гэсэн үг. Энэ бүхэн дарамт учруулж байна уу?

-Хэрвээ би Ирак эвсэл Нигер улсад очвол шууд л амиа алдах болно. Гэхдээ энэ бүхний талаар урьдчилсан таамаг дэвшүүлж, үхлийн тухай бодохыг хүсэхгүй байна. Заримдаа анд нөхөдтэйгээ хамт хэт даврагчдын бууны суманд амь үрэгдсэн бол илүү жаргалтай байсан байх гэж боддог.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Busdiin soyl es zanshil shashin shutlegiig:
DOROMJLOH ERH HEND CH BAIHGUI BI ENE SETGUULIIN GAZARIIG HIISEN ZUILIINHEE GORIIGL AWSAN GEJ BODDOG
2015-06-04