Ахмадын сүүлийн хүсэл биелээсэй

img

Сүүлийн жилүүдэд орон сууцны ам метр үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон сууцанд орох асуудал мөрөөдөл болсон. Тэгвэл тэдгээр иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хямд үнэтэй орон сууцанд орох хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхээр “Сөгнөгөр хайрхан” компани хоёр аймагт орон сууц барих төслийг эхлүүлсэн ажээ. Гэвч Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод хоёр жилийн өмнө эхлүүлсэн орон сууцны барилгын ажил нь хөрөнгө санхүүжилтгүйн улмаас зогсож захиалга өгсөн иргэд хүлээсээр л...

 

Иргэдийн хүсэлтээр өнгөрөгч амралтын өдрүүдэд дээрх аймаг сумдад очиж, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван, байр захиалсан ахмад настанууд, “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал Т.Энхболд, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын захирагч С.Энхтайван нартай уулзсан юм. Биднийг Дархан хот дахь тус компанийн барилгын талбайд очиход хонх дамар дуугарч, лам нар ном хурж, ахмад буурлууд болон тус компанийнхан сүсэглэн залбирч суугаа байдалтай угтсан. Тус компани Дархан-Уул аймгийн төвд 60 болон 22 айлын орон сууц, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод 198 айлын 10 давхар хоёр орон сууц тус тус барихаар 2013 онд тусгай зөвшөөрөл авсан аж.

 

Ахмадууд байрны урьдчилгаанд нийт 360 сая төгрөг өгсөн

 

Энэ үеэр Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайванаас цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Ахмадын орон сууцанд хичнээн хүн захиалга өгсөн юм бэ?

-Орон нутагт амьдарч байгаа ахмадуудаа хямд үнээр орон сууцтай болгох гэсэн “Сөгнөгөр хайрхан” компанийн саналыг бид дэмжсэн. Нийт 85 хүн захиалга өгсөн. 2013 онд аймгийн Ахмадын хороо, байр захиалагч, өв залгамжлагч буюу байрны зээл төлөх үр хүүхэд, захиалга хүлээн авагч компани гэсэн дөрвөн талын төлөөлөгч хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Ахмадууд байрны урьдчилгаанд нийт 360 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр барилгын ажлаа эхлүүлсэн ч хөрөнгөгүй болоод зогсчихлоо. Барилгын ажил 30 хувьтай л байна.Уг нь энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан юм.

 

-Санхүүжилтийг шийдвэрлэх ямар арга байгаа юм бэ?

-Бид барилгын санхүүжилтэд туслалцаа үзүүлээч гэж холбогдох газруудад хүсэлт гаргасан ч нааштай хариу ирээгүй. Энэ орон сууцанд нийт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна. Төр засгаас батгалгаа гаргаж өгвөл ХААН болон Худалдаа хөгжлийн банк зээл олгоно гэсэн.

 

-Орон нутгийн удирдлагуудаасаа санхүүжилт хүссэн үү?

-Барилгын ажлыг дэмжих зорилгоор төрөөс зургаан аймагт санхүүжилт өгөх шийдвэр гаргасан ч одоо болтол сураггүй байна. Уг нь төр засгаас иргэдийг  орон сууцжуулах  хөтөлбөр боловсруулж, барилгын салбараа дэмжиж байгаа шүү дээ. Энэ хүрээнд л “Сөгнөгөр хайрхан” компани энэ ажлыг  зоригтой эхлүүлсэн. Гэтэл одоо төр засаг хэлсэндээ хүрч, батлан даалт гаргаж өгч дэмжлэг үзүүлэхгүй бол өөр найдлага алга боллоо. Орон нутгаас санхүүжүүлэх боломжгүй гэсэн.

 

Санхүүжилт бүтчихвэл арваннэгдүгээр сард ахмадуудаа байранд нь оруулчихна

 

Түүний дараа “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал Т.Энхболдоос дээрх асуудлыг тодруулсан юм.   

 

-Ахмадуудад орон сууц барих ажлыг юунд найдаж эхлүүлсэн юм бэ?

-Би эмнэлэгт хэвтэж байхдаа нэг ахмад настантай танилцаад түүний ярианаас ахмадууд зориулсан байр барьж өгье гэж шийдсэн. Удтал хөөцөлдөж байж барилга барих зөвшөөрөл бүтээд зээл хөөцөлдсөн юм. ХААН банкнаас л нааштай хариу ирж, зураг төсөл бүх юмтай танилцаад “Танай компанид барилга барих газраас өөр барьцаалах хөрөнгө алга. Ядаж 1-2 давхарыг нь ямар нэгэн аргаар бариад ажлаа эхлүүлчих. Тэр үед нь зээл олгоё” гэсэн.

 

Энэ тухай аймгийнхаа ахмадын хороонд хэлж, улмаар байр захиалах хүсэлтэй өндөр настнуудтайгаа зөвлөлдөөд урьдчилгаа 10 хувиа өгч, захиалга хийсэн мөнгөөр нь барилгын ажлаа эхлүүлсэн. Ингээд таван давхар 60 айлын орон сууцны шавийг өнгөрсөн онд тавьж, барилгын ажлыг эхлүүлж, ахмадууд байрандаа удахгүй орох нь гэсэн хүлээлт үүссэн. Барилгынхаа нэгдүгээр давхарыг барьж дуусгаад ХААН банкинд хандахад “Эдийн засаг хямралтай байна, зээл олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн тул ингээд ажил зогсчихоод байна.

 

-Барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Ахмадуудынхаа өгсөн урьдчилгаа мөнгөөр хийх ёстой ажлаа бүгдийг нь хийсэн. Тэгээд мөнгө хүлээж зүгээр суулгүй мөнгө санхүүжилт хэрхэн олох вэ гэж судалж явсаар Унгар улсын “Экзим” банкинд хандсан. Төрөөсөө батлан даалт гаргуулчихвал 100 хувь санхүүжүүлж болно гэсэн. Тиймээс орон нутагт анх удаа ахмадуудад зориулсан хямд өртөгтэй энэ орон сууцны барилгын ажлыг төрөөс дэмжиж, баталгаа гаргаж өгнө гэж итгэж байна. Энэ хүсэлтээ бид холбогдох албаныханд уламжилсан байгаа. Хэрэв хөрөнгө мөнгө санхүүжилт маань бүтчихвэл гурван бригадаар ажиллаад ирэх арваннэгдүгээр сард ахмадуудаа байранд нь оруулчихна.

 

-Дархан хотод орон сууцны 1мКв ямар үнэтэй байдаг юм бэ. Танай байрыг харьцангуй хямд үнээр захиалж байгаа гэсэн?

-Энд  байрны үнэ 1.250.000-1.300.000 төгрөг. Манай компанийн санал болгосон үнэ 1.100.000 төгрөг. Сэлэнгийн аймгийн Сайхан сум буюу Хөтөлд цемент, шохой, төмөр бетон зэрэг барилгын бүхий л түүхий эд байгаа учраас хямд өртгөөр барилга барих боломжтой.

 

-Төрөөс баталгаа гаргаж өгвөл зээл авахад асуудалгүй гэсэн үү?

-Тийм ээ. Заавал гадаадынх гэлтгүй монголынхоо банкнаас зээл авбал бүр л сайн байна. Барилгын үйл явцаас шалтгаалан бага багаар зээл авч, тухай бүрт нь хүүтэй нь төлөөд явах чадамж бидэнд бий.

 

Байр захиалсан ахмадууд нэг хоёроороо хорогдсоор л...

 

Ахмадууд байр нь хурдан баригдаж дуусаасай хэмээн сүслэн залбирч дуусаад гарч ирэхэд нь тэдний төлөөлөл, өндөр настан Т.Загиржаваас хэдэн өрөө байр захиалсныг асуухад “Өвөө нь олон жил гэрт амьдарлаа. Одоо гэрээ буулгаж, барьж дийлэхээ больжээ. Үр хүүхдүүд маань ч орон сууцанд орохыг дэмжсэн. Тэд маань тусалж дэмжээд хоёр өрөө байр захиалсан.

 

2014 онд байрны шав тавихад их баярлаж байлаа. Урьдчилгаа төлбөрт 4 сая орчим төгрөг тушаасан. Үлдсэн мөнгийг нь гэрээний дагуу өв залгамжлагчтайгаа хамтран сар бүр төлөөд явах юм. Уг нь төрөөс батлан даалт гаргаад өгчихвөл дотоод, гадаадын банк зээл өгнө гэсэн гэнэ лээ. Жилээс жилд ахмадууд маань нэг хоёроороо хорогдсоор л байна. Амьдад нь амжиж баярлуулаасай гэж төрөөс хүсэх юм” гэлээ.

 

Өндөр настнууд маань үр хүүхэдтэйгээ зөвлөлдөж, өв залгамжлагчийн хамт уг барилгад орон сууц захиалсан гэдгээ хэлж, өмнө нь орон нутагт ингэж ахмадуудад зориулан тусгайлан орон сууц барьж байсан удаагүй. Тиймээс төрөөс батлан даалт гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Энэ барилгыг хүлээсээр байр захиалсан ахмадууд маань эхнээсээ бурхны оронд заларч эхэлсэн. Насаараа улсдаа ажиллаж, өтөл насандаа орон сууцанд орох гэсэн хүсэлтийг минь төр засаг анхааралдаа авна гэдэгт итгэж байгаагаа хэлж байсан юм.

 

Хөтөлд 198 айлын 10 давхар орон сууц барихаар төлөвлөжээ

 

Дараа нь бид Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд очсон юм. Биднийг тус компанийн барилгын талбайд очиход том хашаан дотор хоёр гэр, нэг барилгынх нь суурийг цутгасан, нөгөө байрных нь зурвас тэмдэгийг хийсэн байдалтай байв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Хөтөл хотын захирагч С.Энхтайванаас цөөн асуултад хариулт авлаа.

 

-Хөтөлд орон сууц барих хэрэгцээ шаардлага хэр байгаа вэ. Санхүүжилтийг хаанаас шийдвэрлэх гэж байсан юм бэ?

-Манай Хөтөлд орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаа. Дөрвөн яамны хамтарсан судалгаагаар 198 иргэн орон сууцанд орно гэж гарсан. Иргэдийн эрэлт хэрэгцээ байна. Барилгын үйлдвэрлэлийн томоохон төв гэдэг утгаараа материалаа дэргэдээсээ авчихна. Нөгөө талаар Хөтөл маань хөгжиж, залуу гэр бүлүүд нэмэгдэж байна. Тэдэнд зориулсан хямд өртөгтэй орон сууцтай болох ёстой гэж үзээд хэд хэдэн компанид хүсэлт гаргасан. Бидний санал болгосон болзлыг “Сөгнөгөр хайрхан” компанийн зүгээс зөвшөөрч, хамтран ажиллахаар болоод ажил эхлэхээд болсон.

 

Бид газраа үнэгүй өгч байгаа тул нэг мКв-ын үнийг 1.1 сая төгрөгнөөс дээш гаргахгүй байхаар гэрээлсэн. Иргэдийн орон сууцны захиалгыг хийхдээ 10 хувийн урьдчилгаа авч, үлдсэнийг нь банкнаас зээл авч байж ажлаа үргэлжлүүлэх гээд явж байна. Захиалагчийн хувьд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гэж заавал онцлоогүй. Хамгийн гол нь орон нутагт хямд өртөгтэй орон сууц бариулах нь л чухал байна.

 

-Орон нутгийн төсвөөс орон сууц барих санхүүжилтээ шийдэх боломж байхгүй юм уу?

-Орон нутгийн хөгжлийн санд орон сууцанд санхүүжилт оруулах гэсэн заалт байдаггүй.  Эдийн засгийн хямралаас үүдээд улсын төсөв хэцүү байна, хүндрэлтэй байгаа болохоор одоогоор ийм зүйл алга. Улсын эдийн засаг сайжрахаар энэ асуудалд анхаарал хандуулж, иргэдэд зориулсан орон сууц барихад тусгайлан санхүүжилт олгодог болох болов уу. Хөтөл хотын хувьд сүүлийн 20 гаруй жил төсвийн хөрөнгө оруулалтаар нэг ч орон сууц баригдаагүй. Сүүлийн хэдэн жилд хувийн компаниуд 24, 40 айлын орон сууц барьсан. ТОСК хоёр орон сууц барихаар газар авсан ч барилгын ажил нь хийгдээгүй өнөөдрийг хүрсэн.

 

Экзим банкнаас жилийн 2.5 хувийн хүүтэй зээл авах боломжтой

 

Ийнхүү Дархан-Уул аймгийн ахмад настануудын хүсэлтээр газар дээр нь очиж холбогдох хүмүүсийн тайлбарыг авснаа хүргэлээ. Төрөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд чиглэсэн ажил хийсэн байгууллага аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана гэдэг. Гэхдээ тус компанийнхан төрөөс ямар нэгэн дэмжлэг харалгүй ажлаа өөрсдөө эхлүүлсэн ч гэлээ санхүүжилтгүйгээс ажил нь зогссон байна.

 

Дотоодын банкнаас зээл авах боломжгүй болсон тул гадаадын банкнаас зээл авахаар болж. Гэхдээ тэд Монгол Улсын Засгийн газрын баталгаа шаарджээ. Хэрвээ баталгаа гаргаад өгчихвөл Дархан, Хөтөл хоёрт баригдах барилгынхаа ажилд зарцуулах хөрөнгийг Экзим банкнаас жилийн 2.5 хувийн хүүтэй зээл авах боломжтой гэнэ. Монголын арилжааны банкууд энэ төрлийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй олгодог бол Экзим банкны зээлийн хүү хэд дахин хямд тусч байгаа аж.

 

Харин эргэн төлөлтийг орон сууц ашиглалтад орж, оршин суугчид дөрвөлсөн гэрээний дагуу байрны зээлээ өгөөд явах бүрэн боломжтой аж. Тус компанийн зүгээс энэ асуудлаар тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан ч нааштай хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авахгүй бол орон сууцанд орох өдрөө хүлээсэн ахмадууд сүүлчийн хүслээ зүрхэндээ тээсээр бурханы оронд одсоор л...

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bold:
Za odoo ingej ahmadiin ner barij tor zasgaa shantaajlah hereggui dee. Mongogui Bol chaddag humuust ni ogood ajlaa Duusga. Bas heden lam avchiraad suulgachihjee.
2015-06-04
зочин:
www.youtube.comresults?search_query=mongoliinijilhuistniiholboo онц сонирхолтой бичлэг
2015-06-04
иргэн:
Солиотой хүмүүс шиг байна.
2015-06-04