Батлан хамгаалах яам дотоодын үйлдвэрлэгчээ дэмжинэ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дотоодын үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтын ажиллагааны "Санамж бичиг"-ийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан билээ. Үүний гол зорилго нь батлан хамгаалах салбар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодоос хангахад оршиж байгаа аж.
Батлан хамгаалах салбарын хэрэгцээт импортын бараа, бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх боломжийг эрэлхийлэхэд туслах үүднээс батлан хамгаалах салбарын хэрэгцээт барааны үзэсгэлэнг хоёр яамнаас хамтран зохион байгууллаа. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулганы танхимд дэлгэсэн үзэсгэлэнгийн арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга,хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр дотоодын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн, худалдан авагчдад сонирхууллаа. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр "Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтран өнгөрсөн нэгдүгээр сард үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр санамж бичиг байгуулсан. Тэгвэл энэ ажил маань өнөөдөр биеллээ олж байна. Аливаа улсын батлан хамгаалах салбар нь дотоодын үйлдвэрлэлийнхээ хамгийн том хэрэглэгч нь байдаг.
Манай яамны хувьд одоохондоо тийм ч хэмжээнд хүрч чадаагүй ч, цаашдаа хүрэх хүсэл, эрмэлзлэл сонирхол байна. Тийм учраас үйлдвэрлэгч нар маань чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байх ёстой гэдгийг онцлон тэмдэглээд та бүхний үйлдвэрлэсэн бүтээл бүхэн дэлхийн тавцанд хүрээсэй гэж хүсэн ерөөе" гэв.
Харин Ажи үйлдвэрийн дэд сайд А.Баделхан "Манай яам байгуулагдсан цаг үеэсээ хойш дотоодын үйлдвэрлэлдээ илүүтэй анхаарч ирсэн. Яамдын дотроос хамгийн их бүтээгдэхүүн авдаг нь Батлан хамгаалах яам учраас бид гэрээ байгуулсан нь ийм учиртай. Өнөөдрийн арга хэмжээ нь дотоодын үйлдвэрлэгчид, БХЯ-ны худалдан авагчийг холбосон чухал арга хэмжээ болж байна" гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ