Хундага сархадын үнэтэй амь

Х.Соната маркийн автомашины жолооч Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Х.Верна маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 23 настай З гэмтжээ.
Явган зорчигч 32 настай Н согтууруулах ундаа хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон үедээ замын хөдөлгөөнд оролцож, Х.Соната маркийн машинд мөргүүлж гэмтсэн байна. Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын хоногийн мэдээнд тэмдэглэгджээ.
Хоногт дунджаар 70-80 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо баасан гариг болон баяр ёслолын өдрүүдэд 2-3 дахин нэмэгддэг. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий гэдгийг цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтнүүд хэлдэг.
Тэд гэмт хэрэг үйлдэж, осолд өртөж өөрийгөө болоод бусдыг гэмтээдэг. Өөрөө болон өрөөлийг хохироож, гэмт хэрэгтэн болдог. Гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлдэг. Гэвч гэмээ ухаарч, аюулаас айж, эрсдлийг тооцоолохгүй байна.
Энэ үйлдэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, согтуурч, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцох нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ноцтой саад бэрхшээл учруулж буйг цагдаагийн байгууллага онцолж байгаа юм.
Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.
“Гэвч жолооч нар автомашин дотроо архидан согтуурах, овоо, даваан дээр гарч архи уух, хамт олон найз нөхөд, ах дүүгээрээ нийлж архи уусны дараа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал гаргасаар байна. Оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 11260 хүнийг саатуулан учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1664 хүнд МУ-ын ЗХТХ-ийн 25-ын 6-д заасны дагуу Шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ. 9230 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас 2 жилийн хугацаагаар хасч арга хэмжээ тооцсон” гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Л.Амаржаргал ярьсан.
Тавхан сарын хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсноос гарсан осол 358 бүртгэгдсэн ба 60 хүн ослын улмаас нас барж, 129 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон /ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гарах, замын зорчих хэсэг дээр суух, хэвтэх/ найман явган зорчигч амь насаараа хохирсон байна.
Ослын улмаас нас барагсдын 33 нь 35-аас дээш насны, 12 нь 31-35 насны, мөн тооны 18-30 насны ид хийж бүтээх насны, цэл залуухан хүмүүс байгаа бол 17 настай гурван хүүхэд согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд өртөж амиа алджээ.
Хундага сархадын үнэтэй амь, амьдрал, хайран.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ