Бүх ялгааны эхлэл

Гурав буюу дөрвөн наснаас эхлэн хүүхэд өөрийн хүйсэнд тохиромжтой тоглоом, эд зүйлсийг сонгож эхэлдэг хэмээн Европын сэтгэл судлаачид үзжээ. Харин үүнээс өмнөх насныхан өөрт таалагдсан, зугаатай байгаа тэр тоглоомыг шударгаар сонгодог аж. Үүнээс харвал хүүхэд өөрийн төрмөл хүйсээ гурван настайгаасаа ухамсарлаж эхэлдэг болж таарч байна. Дөрвөн нас буюу учир мэдэх болсон наснаасаа хүүхэд хүйсийн хэвшмэл ойлголтонд өртөж эхэлдэг. Тэдний биеэ авч явах байдал, найзаа сонгох, тоглох нь ч хүйсийн онцлогтой нь холбогддог. Охид охидтойгоо найзлан хүүхэлдэйгээр тоглож, хувцсаа цэвэрхэн өмсөх тал дээр илүү байдаг бол хөвгүүд хөвгүүдтэйгээ буу, машин, эвлүүлдэг тоглоом зэргээр тоглож, хувцас, нүүр гараа халтартахыг огтхон ч тоохгүй, биеэ хамгаалах тал дээр ч охидоос илүү байдал нь илэрч эхэлнэ. Хөвгүүд насанд хүрсэн том эр болсон ч бусдын хэл яриа, хийсэн ажлыг мэдэх, үнэлэн дүгнэхдээ бүдүүн тойм байдал нэлээд гаргадаг. Ажигламтгай чанар, өнгө будаг ялгах чадвар, юмны чанар чансаа, үнэ цэнийг мэдэхдээ охидоос дутуу. Хөвгүүдийн сэтгэхүй, оюун ухаан, мэдлэгийн хүрээ өргөн, юмс үзэгдлийг түргэн ойлгох чадвар сайтай нь удирдах алба хашихад ихээхэн тус болдог. Зарим эрдэмтдийн судалгааг үзвэл хөвгүүдийн үгийн нөөц их, бас үйл үг, төлөөний нэрийн үгийг охидоос илүү мэддэг байна. Тэгвэл охид нэр үг, тэмдэг нэр, баталж нотлох үг эзэмших талаараа хөвгүүдээс илүү. Хөвгүүд сургуульд элссэн эхэн үедээ охидыг гүйцдэггүйн шалтгаан нь хэл ярианы хөгжлөөрөө охидоос дутуу байдагтай холбоотой. Үүнээсээ ичиж, нэрэлхсэндээ багштай чөлөөтэй харилцаж чаддаггүй, хэлний болон урлагийн талын хичээлээр охидтой адил бодол санаа, биеийн хөдөлгөөнөө чөлөөтэй гаргаж чадалгүй хангалтгүй дүн авдаг. Гэвч яваандаа цэгийн чадвар шаардагддаг математик, физик, байгалийн ухаан зэрэг хичээлүүд ороод ирэхээр хөвгүүд сурлагаар охидоос илүү болж эхэлдэг. Харин эдгээр ялгаа, онцлогууд төрмөл үү, олдмол уу?
Кембриджийн их сургуулийн эрдэмтэн, сэтгэл судлалын доктор Саймон Барон Коэны багийнхан охид хөвгүүдийн ялгаанд тестостероны хэмжээ ихээхэн нөлөөлдөг болохыг судалгаагаар нотолжээ. Ургийн хөгжлийн үед эр, эм хөврөлүүд адилхан байдаг ч эстроген,тестостерон давамгайллын улмаас тархины үйл ажиллагааны зарим хэсгүүдэд үйлчилж эхэлдэг аж. Эрчүүдийн задлан шинжлэх чадвар бага наснаас нь хөгжиж, энэ нь тэдний бага болон өсвөр насны үед ялгарсан тестостероны хэмжээнээс шалтгаалдаг байна.
Доктор Саймон Барон-Коэн эхийн ургийн усан бүрхүүлээс авсан шингэн болон ураг дахь тестостероныг харьцуулан туршжээ. Дараа нь тэрээр хүүхдийг төрсний дараа хүүхдийн бусдыг ойлгох болон дүгнэх чадварыг харьцуулжээ. Туршилтын үр дүнд тестостероны хэмжээ охидод бага байж, үүнээс шалтгаалан охин хүүхэд бусдын зовлонг маш хүчтэйгээр ойлгож, мэдэрдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тархины ялгаатай байдлын талаар хэсэг эрдэмтдийн хийсэн туршилтаас үзэхэд охидийн асуудал шийдвэрлэх чадварыг хариуцдаг духны хэсэг ба сэтгэл хөдлөлийг удирддаг лимбийн гадаргуу нь бусад хэсгээ бодоход харьцангуй том байсан бол хөвгүүдийн хувьд хүртэхүйг хариуцдаг зулайн хэсэг, болон хоол унд, сексийг зохицуулдаг өнчин тархины хэмжээ нь харьцангуй том байсан гэнэ.
Хөвгүүд охидын ялгаа, онцлогийг судлаж мэднэ гэдэг бол зүгээр сонирхол төдий зүйл биш юм. Ирээдүйн хатагтай, ноёдыг бэлдэхэд ашиглахад дээрх судалгаа шинжилгээний жинхэнэ утга оршино. Сүүлийн жилүүдэд АНУ зэрэг боловсролоороо тэргүүлэгч орнуудад хөвгүүд охидыг математик, хэл, байгалийн ухаан зэрэг хичээлүүдээр зааглан сургах болжээ. Жишээ нь Стэнфильдийн Эссекс ахлах сургууль охид хөвгүүдийг эсрэг хүйсийн өрсөлдөөнгүй нөхцөлд сургаж эхэлжээ. Жишээ нь математикийн хичээл дээр охидыг цэцэрлэг арчлахтай холбоотой асуултаар, хөвгүүдийг компьютерийн дэлгүүртэй холбоотой асуултаар шалгаж байна.
Эрэгтэй, эмэгтэй тархины онцлогт тулгуурласан ийм зааглалтай сургалтын үр дүн өндөр түвшинд байгаа юм. Хөвгүүд охидын алинд ч эсрэг хүйстнийхээ онцлогоос үүдсэн чадварын дутагдал байдаг нь тэдний ичих, эсрэг хүйстнийхээ өмнө биеэ барихаас эхлээд олон саадтай учирахад хүргэдэг ажээ. Үүнээс сэргийлэх буюу зайлсхийсэн сургалтын шинэ хэлбэрээр суралцагчдад амжи;т авчирч байна гэхэд хилсдэхгүй. Ийм сургалтаар явагдаж буй Англи хэлний хичээлээр гэхэд хөвгүүдийн сурлагын амжилт АНУ-ын үндэсний түвшинээс дөрөв дахин, охидын математик, байгалийн шинжлэлийн хичээлийн амжилт үндэсний түвшинээс бараг хоёр дахин өндөр гарчээ. Хүйсийн зааглалттай сургалтаар хичээллэгч хүүхдүүдийн сурлагын амжилт, суралцах идэвхи нэмэгдэхээс гадна ирээдүйн мэргэжлээ сонгох шийдвэрт ч тустай байгаа аж. Сургалтын ийм хэлбэр сэтгэлзүйн талаас нь хичээлүүдийг заадаг тул ирээдүйн боловсролын чиг болох магадлалтай байгаа юм.
Эх сурвалж: ТОЙМ сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ