Уул уурхайн төслүүд дээр ялгаатай хандаад байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж төрөөс тэтгэвэрийн шинэчлэлтэд баримтлах бодлогод МАН-ын зарим саналыг тусгаагүй болон Гацууртын ордын хувийг тогтоох гэсэн хоёр асуудал хэлэлцсэн байна. Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Манай намын гаргасан тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудлыг төрөөс тэтгэвэрийн шинэчлэлтэд баримтлах бодлогод оруулаагүй, нийгэмд буруу тайлбарлаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг авч хэлэлцээгүй хэмээн эсэргүүцэж, тав хоногийн завсарлага авсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, арилжааны банкуудтай тохиролцож тэтгэврийн хүүг бууруулах бололцоотой. Ганц тэтгэвэрийн зээлийн гэлтгүй эдийн засгийн хүнд үед цалин, орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бий.
Арилжааны найман банкинд Нийгмийн даатгалын сангийн хуримтлал 650 тэрбум төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр тараан байршуулсан. Гэтэл арилжааны банкууд 18-36 хувийн хүүтэй зээл өгч байгаа нь ард иргэдээ шулж буй хэрэг. Энэ талаар холбогдох албан тушаалтнууд санаачилгатай ажиллахгүй байна” гэлээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Манай намын хувьд Гацууртын ордыг 100 хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл гэнэт өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцэх асуудал хэмээн 34 хувийг төр эзэмших санал оруулж ирж байна. Уул уурхайн том төслүүд дээр харилцан адилгүй хандаж байна.
Тухайлбал, Оюутолгой, Гацууртын ордын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр яаравчлаад байгаа хэр нь Тавантолгойн гэрээ таг зогсчихлоо. Нэгийг нь УИХ дээр уяж, заримыг нь ямар ч хараа хяналтгүй хэлэлцүүлж байна. Орд бүр дээр хувийн байр сууринаас хандаж байна. Бид Гацууртын ордын эдийн засгийн үр өгөөжийг нягтлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь 10 жилд 250 сая долларын үр өгөөжийг Монгол Улс хүртэнэ гэсэн тооцоолол танилцуулж байна. МАН-ын бүлгийнхэн стратегийн ач холбогдолтой эдгээр төслийг аль болох яаралтай явуулах байр суурьтай байгаа. Гэтэл яагаад хоёр янзаар авч үзэж байгааг манай бүлгийн гишүүд гайхаж байна.
Яаралтай горимоор оруулж ирсэн Гацууртын ордын талаар мэдээлэл авч, ул суурьтай судалж, үр ашгийн тооцоог хийх ёстой гэж үзсэн. Тиймээс Гацууртын ордын хувийн талаар салбарын сайдаас мэдээлэл авах нь зүйтэй. Уул уурхайн сайд Р.Жигжид намын бүлгийн хуралдаан дээрээ “Гацууртын орд”-ын асуудлаар мэдээлэл өгсөн байна. Харин бид санал тавьсан ч мэдээлэл өгөөгүй тул энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй гэж үзсэн.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ