“Байраа жоомгүй болгох хөдөлгөөн” байгууллаа

img

 

1930-аад оны үед Америкийн нэг цуутай дээрэмчин нөхөр цагдаа нарын отоонд орж сумаа дуустал буудалцаад баригдсан гэдэг. Мэдээж шууд шорон. Маргааш нь өмгөөлөгч нь түүн дээр очиход дотны хэн нэгэнтэйгээ уулзья гэсэнгүй. Шууд л “миний тухай бичсэн сонинуудыг авчирсан уу” гэжээ.

Өчигдрийн ерөнхий сайдыг орлуулан “галдагсад” үүнтэй яг адил өвчнөөр  өвчилсөн мэт харагдлаа.  Тэд энэ үйлдлээрээ нийгэмд тод танигдаж “од” болохыг хүссэн байх. Өчигдөр оройны турш ТВ-ийн мэдээ бүхнийг үзэж сайт, сошиалаар өөрсдийнх нь тухай хэрхэн шуугихыг хүлээсэн байх. Урам нь хугарсан байж магадгүй. Маниус нэг их тоосонгүй.

 

Энэ нөхдүүд эх орондоо хайртай гэдгээ харуулж өөрсдийгөө шатаана гээд бие  бие рүүгээ бензин цацаад зогсож байсан бол шатаагүй байсан ч баахан бахархаж ярих байлаа. Эх орондоо хайртай учир гэж элдвийг хийх хүний тоо олон болсон ч Түвдийн жирийн нэг лам шиг өөрийгөө “даруухан” шатаачих шийдсэн эх орончийн жишээ манайд гараагүй байгаа тул хүлээлт байна. Хэтрүүлж хэлэхэд хэн нэгэн өөрийгөө шатаалаа л бол “эх орны төлөө” хэмээн алдаршуулахад бид бэлэн байна.

 

“Ялгарах” өрсөлдөөнд ялахын тулд нийгэмд шуугиан тарихаас илүүтэй хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдэг барууны онол байдаг юм билээ. Олны анхаарлыг татахын тулд бага зэрэг шоу ч тавьж болох. Энэ бол тусдаа судлагдсан онол, арга барилтай чимхлүүр ажил байх шүү. Үүнийг мэддэг болсон иргэд  дараа нь юманд унахгүйгээ мэдсэн “сор залалт” мэтийн галдах үзүүлбэрийг хол явахгүй дээ гэж мушийж байна. Мэдрэмжтэй бай л даа.

 

Монголд улсад маань өөрөөсөө бусдыг хамгаалдаг ариун зорилготой холбоо хөдөлгөөн хэдэн зуу бий. Бүтээлч бөгөөд тодорхой санаачлагатай ажил хийж байгаа нь олон гэдгийг энд үгүйсгээд яахав. Эдний дунд нэг ийм гал голомт манана гэсэн хөдөлгөөн байхын буруу алга. Хувьдаа дэмжсээр ирсэн. Гуравхан хүн ч, гучин хүн ч байсан эв санаа, үзэл бодоо нэгтгээд  тодорхой асуудал дээр тэмцэж болно. Гэхдээ зорилго нь ариун бол арга нь ямарч байж болох хийрхэл энгийн олны амьдралд балаг тарьж, нийгэмд жигшигдсэн түүх байгаа шүү. Том хувьсгалын жишээ дурьдахаа больё. Энгийн зүйрлэл хэлье.

 

“Байраа жоомгүй болгох хөдөлгөөн” байгууллаа. Жоомтой айл бүр дэмжинэ, нэгдэнэ. Маргааш нь тоглоомын талбай дээр СӨХ-ны даргынхаа хүүхдийн зурган дээр жоомнуудыг “баалгана” гэвэл ямар байна. Өнөөх дэмжигчид нь яаж хүлээж авах уу. Хөх толбот Монгол хүн тул  “хүний үр ялгаа юун” гэж цэрвэнэ, цээрлэнэ.

 

Ийм тэнэглэлтэй дүйцэхүйц “сор залалт” хийх ямар хэрэг байна. Ч.Сайханбилэг гэж хүн ганцаараа төр барьдаггүйг, Гал голомт гэж хөдөлгөөн  “сор” залж төрийн муухайг арилгахгүйг бид мэдэхтэйгээ.  Ерөнхий сайдын зургийг шатаах бол яамай л байна. Зарим төлөөлөл чинь шоронд орон байж босгосон холбооныхоо нэр хүндийг та бүхэн энэ “сор залалт”-аараа нэг зурагтай хамт шатаачихлаа.

 

Одоо марзганахгүй ярья. Халуун эх оронч байх, наагуур яривал гал голомтоо сахих хамгаалах гэдэг бол хэн нэгний үзүүлээд, цэцэрхээд заримдаа хэтрүүлээд байгаа үг, үйлдэл аль нь ч биш юм.

Наад зах нь гэр бүлийнхээ амьдралыг нэр төртэй аваад явахын төлөө хөдөлмөрлөж хөлсөө гаргаагүй бол одоо цагт дайнд буу барьж үзээгүйтэй адил шүү. Гал голомт хөдөлгөөний “сор залсан” хүмүүсийн хувийн амьдрал руу өнгөлзөхгүй. Улсын орны асуудлаар дуугардаг болохоор чинь жирийн хүний адил асуух байна. Та нар минь ингэхэд өдөр тутам ямар ажил орлоготой, шууд тусгалаар эх орондоо хэрэгтэй ямар бүтээлч ажил хөдөлмөр, бизнес эрхэлж юу гээч баялгийг бүтээдэг хүмүүс вэ. Уул уурхайн асуудал бүгд нэг мөр болчихвол тарчих юм уу. Цаашдаа улс орныхоо гал голомтыг бадраахад ямар цучил нэмэх бодолтой явна вэ. Хариулахгүй ч байж болно.

 

Ардчилсан нийгэмд аливаа асуудалд дургүйцлээ илэрхийлэн тэмцэх нь хэвийн үзэгдэл бөгөөд эвлэрэн зохицох, эвлэлдэн нэглэхээс илүү олон хувилбартай, масст таалагдах талдаа байдаг. Гэхдээ энэ цагт гар хоосон хүний толгой дээгүүр хий буудан айлгах, улстөрчдийн хөрөг зургаар сор залах нь эх орны гал голомтыг хамгаалахгүй. Ийм тэмцэл харсан үе үеийн эх орончдын сүнс давчдаж, монголдоо дахин төрмөөр санагдана.

 

Б.Хэгжүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
УБГ нар?
2015-06-12
Hyyhed:
Chi heden abchihaad yyniig bichib Saihanbileg Tom tenegttsen e zasgiin talaas 0zob sh dee hymyys durgyi tesla ilerhiilsen Saihanbileg burhan bish bygd adilhan erhtei
2015-06-11
ZOCHIN:
Duurchihsen tolgoinuudad heleh ug bna.erunhii said ulam gal shig durelzen ajillah bolno.ta nar uagaad ch nemergui.uursdiiguu shataa daa.
2015-06-11
mongolO:
xegjvvn gegch jinxene neree nuuj busdiig muulagch guai zurag shataax bol baix l zvil.
2015-06-11