Ажилтай орлоготой хүн нийгмээс тусгаарлагддаггүй

img

Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй, гагцхүү тэр алдаа нь нийгэмд хор хохирол учруулсан эсэх нь чухал байдаг. Хэрвээ бусдад учруулсан гэм буруутай үйлдэл гаргасан бол хохирлыг хуулийн байгууллага зохих ёсоор шалгаж, үнэн мөнийг тогтоож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хорих ангид ял эдэлсэн ч нэг л өдөр эргээд л нийгмийн нэг хэсэг болон гарч ирдэг.

 

Алдаагаа дахин давтахгүй, хэн нэгнийг хохироож, нийгэмд хор учруулж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон хэдий ч хорих ангид хоригдож, шүүхээс ял авч байсан гэсэн цагдаагийн тодорхойлолт тэднийг ажил хийх боломжийг нь хаах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс Хорих ангиас суллагдсан иргэдийг нийгэмшүүлж, ажилтай орлоготой болгосноор дахин гэмт хэрэгт өртөхөөс сэргийлдэг байна.

 

Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хөдөлмөрийн хэлтэс, Иргэний бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн байгууллагууд хамтран хорих ялаас суллагдсан, ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдэд зориулсан өдөрлөгийг зохион байгуулсан юм. Соёмбо кино театрт болсон энэхүү өдөрлөгт тус дүүргийн 500 гаруй иргэд цугласан бөгөөд хорих ялаас суллагдсан болон хорихоос өөр төрлийн шийтгэлтэй  хүмүүс цугласан байв.

 

Нийт гэмт хэргүүдийн 60-70 хувь нь архинаас хамааралтай гардаг

 

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Ш.Бат-Өлзий:

 

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс олон ажлыг зохион байгуулдаг. Үүний нэг нь энэ удаагийн өдөрлөг юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл, дүүргийн Цагдаагийн гурван  хэлтэс, прокурорын байгууллагатайгаа хамтраад “Хуулийн хэрэгжилт” аяныг зарласан. Аяны хүрээнд хйигдэж байгаа ажил юм. Ер нь хүн ажилгүй, орлогогүй байх юм бол архи уудаг. Архи ууж, согтуурахаад зодоон цохион, дээрэм танхайн хэрэгт холбогдож байна. Манай дүүрэг дээр гарч байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь ийм төрлийн гэмт хэрэг байгаа. Санамсар болгоомжгүй хийсэн үйлдлүүд ч бас байдаг.

 

Гэхдээ л манай дүүрэгт үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн 60-70 хувь нь архинаас хамааралтай гарсан байдаг. Яагаад архи уугаад байгааг нь тодруулахад ажилгүй, ажлын байргүй байгаатай холбоотой байна. Орлогогүй гэдэг ч архи авах мөнгө ямар нэгэн аргаар олдог.  Ажилгүй тэдгээр залуус ямар нэгэн хэрэг тарьж шүүхээр ял шийтгүүлсэн байдаг.  Тэгээд ял шийтгүүлж гарч ирэхэд цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авсан нь, баримтын зөрчилтэй эсвэл  бичиг баримтгүй болсон нь ажилд ороход саад учруулдаг.

 

Тиймээс дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтраад  Цагдаагийн хэлтэсийн хяналтан дор энэ хүмүүсээ бичиг баримтжуулах ажлыг хийлээ. Бичиг баримттай болсны үндсэн дээр манай Хөдөлмөрийн хэлтэс дээр байгаа цагийн ч гэдэг юм уу ажлуудад хамруулах ингэснээр тодорхой хэмжээнд орлоготой болгох, гэмт хэрэгт өртөхөөс нь урьдчилан сэргийлж байна. Хорихоос өөр төрлийн ялтай иргэд болон суллагдаж гарч ирсэн иргэдийг нийгэмшүүлэх чиглэлд анхаарахгүй бол өнөөдөр нийгмийн стресс бухимдалтай холбоотойгоор гэмт хэргийн гаралт харьцангуй ихсэж байна шүү дээ.

 

Хамгийн зөв сонголт бол ажил хийх юм байна

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Г –тэй энэ үеэр уулзаж, цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Та ажилтай болж чадсан уу?

-Сая нэг компанид жолоочоор ажилд орсон. Хорих ангиас сулдлагдаж гарч ирээд гурван сар болж байна.

 

-Хэдэн настай вэ?

-28 настай

 

-Ямар хэргээр хоригдсон юм бэ?

-Зодоон нүдээний хэргээр  орсон 2 жил гаран хоригдсон.

 

-Хорих ангиас суллагдаад  эргээд ажлын байртай  болоход тулгарч байгаа бэрхшээл юу байдаг вэ?

-Хууль зүйн яамнаас ял шийтгэл эдэлсэн гэдэг бичиггүй  болгосон байна. Өмнө нь байгууллагуудад анкет бөглөхөд “Ял шийтгүүлж байсан” гэдэг бичгээс болоод ажилд авдаггүй байсан. Харин тэр бичиггүй болж,  би өөрөө хэд хэдэн анкет бөглөөд ажилд ороод ердөө 3-4 хөн хонож байна. Өнөөдөр энэ арга хэмжээнд оролцох гээд чөлөө авсан юм.

 

-Гэр бүлтэй юу?

-Байлгүй яахав. Эхнэр 4 хүүхэдтэй хүн.

 

-Одоо бол гэр бүлээ даагаад явах хэмжээнд оччихсон уу?

-Тиймээ эхнэр бид хоёр хоёулаа ажиллаж байгаа. Гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөнө.

 

-Хорих ангид байсан гэдэг утгаараа хамт олны хүлээж авах байдал уур амьсгал ямар байгаа вэ?

-Гайгүй ээ. Би ажлынхандаа үнэнээ хэлсэн. Одоо хүмүүсийн мэдлэг боловсрол харьцангуй сайн болсон. Ахиж алдвал харин хүлээж авахгүй болов уу. Ганц удааг бол ойлгож хүлээж авч байна. Хүний итгэл алдаж л болохгүй гээд хичээж явна.

 

- Цалингийн хувьд?

- Би цалин авч үзээгүй л байна. Гэхдээ 500.0-700.0 мянга гэж тохирсон байгаа.

 

 -Хорих ангид ял эдлээд гарч ирсэн хүмүүс ажлын байргүй  ажилгүй удаан явахаар дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарч байгаа гэж байнаэ. Энэ тал дээр таны бодол?

-Энэ асуудлыг маш сайн ойлгосон. Заавал гэмт хэрэг үйлдсэн, хоригдож байсан хүн гэлтгүй ар гэрээ авч явахын тулд ажил хийх нь маш чухал. Ажилтай хүн гэдэг  гадуур дэмий тэнэхгүй, ажлаа хийгээд гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөөд явна. Хамгийн зөв сонголт бол ажил хийх юм байна.

 

Залуучууд эрхэлсэн тодорхой ажилгүйгээс дахин гэмт хэрэг үйлддэг

 

СХД-ийн Цагдаагийн 1-Р хэлтсийн хэв журмын ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Эрдэнэтуул:

 

Цагдаагийн байгууллага хуулийн дагуу хорихоос суллагдсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг байгаа.

 

Энэ удаагийн уулзалтыг дүүргийнхээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтраад тэдгээр иргэдийг ажил хөдөлмөрт зуучлах, бичиг баримтжуулах ажилтай болгох зорилгоор зохион байгууллаа.

 

Тэнсэн харгалзах ялтай гэгдсэн эдгээр иргэдийн дийлэнх нь залуучууд байгааг харсан байх. Ажил хөдөлмөрийн насны залуучууд боловч эрхэлсэн тодорхой ажилгүйгээс дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарч байна.

 

Эдгээр хүмүүс маань тодорхой хэмжээний ажилтай бол гудамжинд архи дарс ууж, цагийг дэмий өнгөрүүлж зодоон хийж явахгүй.  Тиймээс тодорхой хэмжээгээр тэдний нийгмийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Нөгөө талаар эдгээр хүмүүсийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байна. Заавал гэмт хэрэг хийсэн бол тэр гэмт хэрэгтэн гэдэг ойлголт нийгэмд байж болохгүй. Тусалж дэмжиж, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, 10 хүний 5 нь ядаж ажилтай байхад анхаарах, Хөдөлмөрийн биржид бүртгүүлэх, зуучлаад ажилтай болгочих гээд төрийн байгууллагууд хамтарч байна.  

 

Хорих ялыг биечлэн эдлэж суллагдсан иргэд төдийгүй шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн иргэд сэтгэл санааны хувьд эмзэг болж өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж эхэлдэг тул тэднийг ажил хөдөлмөртэй орлоготой болгох нь нэн тэргүүнд анхаараха асуудал гэдгийг албаныхан хэлж байна.  Ялангуяа хорих ангиас суллагдаж гарч ирсэн иргэдийн хувьд ажил ч, үгүй гэр бүл ч үгүй болсон байх нь цөөнгүй. Энэ тохиолдолд тэр хүнийг ажлын байраар хангаж, хамт олонтой болгоход анхаарснаар тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлнэ.

 

Нөгөө талаар хүн гэдгээ мэдэрч нийгмээс тусгаарлагдах хэрэггүй гэдгийг ойлгуулдаг байна. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар шүүхээс ял шийтгэгдэж байсан хүнийг 12-оос дээш сараар ажиллуулж, нийгмийн даатгалыг нь төлүүлсэн байгууллагад тухайн ажилчны нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгодог. Өмнө нь бол ажилтан, байгууллага хоёуланд нь өгдөг байсан гэнэ. Тиймээс байгууллага аж ахуйн нэгжүүд тэдгээр иргэдийг нийгэшүүлэхэд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд анхаарлаа хандуулвал дахин алдаа гаргахаас нь хамгаалж чадах биз ээ.

 

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
бага хэмжээний 1 сая төг болоод төрийн албан хаагч цагаан захтаны хэргээр ажилгүй болж , 2 жил байцаагдаж шоронд ял эдлэж байна даа
2015-06-11