“Хүүхдийн эрхийн ногоон карт” аянг эхлүүллээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес нар өнөөдөр Төрийн ордоны Г танхимд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ “УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хуулийг дэмжих зорилгоор байгуулагдсан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих УИХ дахь лобби бүлгээс санаачлан “Хүүхдийн төлөө ногоон карт” аяныг зохион орон даяар өрнүүлэхээр боллоо.
Зургадугаар сарын 11 буюу энэ өдрөөс эхлэн 25-ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд явуулах энэхүү аяныг НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин хамтарч ажиллаж байна. Аяны хүрээнд иргэдийн саналыг Улаанбаатарт бол оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтан, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, харин орон нутагт Аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдээр дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авах юм.
Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримтаас дурьдвал, сүүлийн хоёр жилд бусдад зодуулж 5129 хүүхэд гэмтлийн эмнэлэгт очиж тусламж авсан байна. 5-17 насны хүүхдийн гэмтэл бэртэл эрс нэмэгдсэн. 2014 онд гэхэд гэмт хэргийн улмаас 1576 хүүхэд хохирч, 817 хүүхэд гэмтэж, 101 хүүхэд гэмтсэн байна. Зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, 48 нь нас барсан харамсалтай тоо гарчээ.
Тиймээс УИХ-аар хүүхэд хамгааллын хоёр чухал хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь маш том амжилт. Гэхдээ хуулийг хэлэлцэх үеэр Төрийн ордонд мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүд өрнүүлдэг ч үр дүн хангалттай сайн байдаггүй. Тиймээс хүүхдийн асуудлыг онцгойлон анхаарч хуулийн төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгахыг зорьж байна. Хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Таны оролцоо бол хүүхдийн эрхийн зөрчлийг талаар, хүүхэд хамгаалах талаар өөрийн саналаа бидэнд ирүүлэх юм” гэлээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Аливаа хуулийг хэлэлцээд батлаад гаргаад ирэхэд нийгмийн зүгээс маш их шүүмжлэлтэй тулгардаг. Энэ удаагийн хүүхэдтэй холбоотой хуулийг батлахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн байгууллагатай холбоотой байгууллагуудаас санал авч байна. Хүүхдийн эрх, хамгаалах орчин, аюулгүй өсөж том болох нөхцөл зэргийг хангах нь хүн бүхний оролцоогоор бүтэх ёстой.
Бидэнд байгаа статистик тоонд ороогүй маш олон хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Түүнчлэн хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагууд ямар ч эрх мэдэлгүй байдаг. Хүүхдийн эрх зөрчигдлөө гэхэд Хүүхдийн байгууллагын ажилтан очоод эцэг эхэд нь арга хэмжээ авах эрхгүй тул цагдаагийн байгууллагаас тусламж авдаг. Гэтэл гэр бүлийн асуудал гэж үзэх тохиолдол ч гардаг. Гэтэл дэлхийн улс орнуудад хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагын ажилтан тухайн хүүхдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, эцэг эх байх эрхийг нь хасах санал гаргах ч эрхтэй байдаг.
Тиймээс энэ бүхнийг хуулинд багтааж, “Хүүхдийн эрхийн улсын байцаагч”-тай болох ёстой. 14 хоногийн санал асуулгад оролцсоноор хүүхдийн төлөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт болно гэж үзэн хүн бүр идэвхитэй оролцохыг хүсэж байна” гэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес “Улс орнуудын хувьд хүүхэд хамгааллын асуудал нэгдүгээрт байдаг. Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн нь улс орны тогтвортой хөгжлийг хангахад оршдог.
Хүүхдийн хамгаалагдсан орчин бий болгоход эдгээр хуулиуд чиглэгдсэн тул иргэдийн оролцоо маш чухал. Хүүхдийн төлөө хүн бүр хариуцлагатай хандах хэрэгтэй: хүүхдийн асуудал бол ирээдүйн асуудал. Бүх хүн оролцоосой гэж уриалж байна. Нэг ч хүүхэдэ хамгаалалтгүй үлдэх ёсгүй” гэлээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд хүүхдийн байгууллагын төлөөллүүдэд “Хүүхдийн эрхийн ногоон карт”-ыг гардуулан өгсөн юм. Энэхүү ногоон картыг аймаг сумдын нийгмийн ажилтан, хүүхдийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд хүргэх бөгөөд 14 хоногийн хүгацаанд саналыг цуглуулан авах юм. Иргэдээс ирсэн саналыг эмхэтгэн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөлд оруулснаар монгол хүүхэд бүр эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд өсч торниж, сурч хүмүүжих боломж бүрдэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ