“Тавантолгой”-н ажлын хэсэг шийдвэрээ гаргах боломжтой

Засгийн газраас пүрэв гариг бүр зохион байгуулдаг “Сайдын цаг”-т энэ удаа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн, цаашид хийх арга хэмжээний талаар эхлээд мэдээлсэн юм. Шийдлийн буюу бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан хүндрэлийг даван туулах, Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулатыг татах, Монгол Улсын нэр хүндийг сэргээх чиглэлээр ажиллаж ирлээ хэмээн ЗГХЭГ-ын дарга мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариуллаа.
-“Тавантолгой”-н гэрээний хувилбарыг гишүүдэд өгөхгүй байгаагаас шалтгаалан ажлын хэсгийн хуралдаан удаашралтай байна гэсэн шүүмжлэл байна?
-УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг гаргаж өгч байгаа. Бид бүх хүссэн материалыг нь гарган өгч байгаа. Зарим гишүүн компани хооронд байгуулсан гэрээг гаргаж өгөхийг хүссэн. Компани хооронд байгуулсан гэрээг бид өгөх боломжгүй. Тухайн компанитай нь шууд харьцах нь зөв. “Тавантолгой”-той холбоотой тогтоолын төсөл 5 зүйлтэй. Тэр тогтоолтой холбоотой бүх материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг шийдвэрээ гаргах бүрэн боломжтой байгаа. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр “Тавантолгой”-н талаар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө.
-“Тавантолгой”-н төслийн англи эхийг УИХ-ын ажлын хэсэгт өгсөн үү?
-“Тавантолгой”-н гэрээний төслийн англи эхийг 10 хоногийн өмнө өгсөн. Ер нь ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн. Нууц юм гэж байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Бүх зүйлээ шаардаад, ил гаргаад тавьсан.
-Засгийн газраас 1 тэрбум ам.долларын бонд гаргаж байгаа гэсэн. Энэ бондыг юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?
-Төвийн санхүүжилт буурсантай холбоотойгоор гадаадад бонд гаргах эрх Засгийн газарт бий. Энэ эрхийнхээ дагуу Сангийн яамнаас гадаад бонд гаргаж байгаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын гадаад нэр хнд сэргэж, манай улсад өгөх зээлийн хүүгээ бууруулсан. Харин дотооддоо гаргаж байгаа бондын хүү Монгол банкны бодлогын хүүгээс өндөр байдаг. Тэгэхээр дотооддоо бонд гаргахад өндөр хүү төлнө. Тиймээс бодит эдийн засгаа дэмжих үүднээс гадаадад бонд гаргах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Энэ ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний ээлжинд Сангийн яамнаас 350 сая ам.долларын бонд гаргахаар тохирсон. Засгийн газарт бонд олгох эрхийг УИХ-аас олгохдоо дотоод эсвэл гадаад бонд гэж заагаагүй. Аль зах зээлээс татах нь хямд вэ гэсэн сонголт хийх өргөн боломж байгаа.
-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн. Тиймээс Засгийн газар огцрох ёстой гэж зарим гишүүд хэлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Манайх ардчилсан улс. Тиймээс хүн бүр өөр өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстойг ойлгох хэрэгтэй. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой төлөвлөгөө холбогдох компаниудын хооронд зурагдсан. Энэ талаарх баримт бичиг вэб сайтад нээлттэй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох компанийн удирдлагууд УИХ дээр 2-3 удаа хангалттай мэдээллүүдийг өгсөн. Энэ төлөвлөгөө Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцэж хийгдсэн. Өөрөөр хэлбэл хувь нийлүүлэгчдийн гэрээ, үндсэн гэрээ хоёрт өөрчлөлт ороогүй. Үүний хүрээнд хийгдсэн зүйл гэж ойлгож байгаа.
-Ипотекийн зээлийн хүүгийн урьдчилгаа төлбөр 10 хувь болгох төсөл яригдаж байгаа. Энэ хэзээ хэрэгжих вэ? Иргэд хүлээлттэй байна.
-Моргейжийн 8 хувийн зээлийн үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэхийн тулд тодорхой санхүүжилтийн эх үүсвэртэй уях ёстой. Одоо Засгийн газарт гаргаж байгаа үндсэн шийдэл нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг моргейжийн 8 хувийн зээлийн эх үүсвэртэй уялдуулах нь зүйтэй юм байна. Энэ эх үүсвэр баталгаа болно. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл арилжааны банкууд дээр тодорхой хувийн хүүтэйгээр байршиж байдаг. Тэнд хадгаламж хэлбэрээр байршин орлого үүсгээд байгаа. Энэ боломжоо бид орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, эрэлтийг бий болгох хэмжээнд ашиглах боломж байна. Улс орнууд тогтсон механизмаар энэ асуудлаа шийдвэрлэдэг. Гадаадын орнуудад байдаг хамгийн том санхүүгийн эх үүсвэр нь тэтгэврийн сан. Тэтгэврийн сан нь дандаа өнжиж байх ёстой. Яагаад гэвэл ирээдүйд маш их зарлага гардаг. Норвеги улс баялгийн сангаа тэтгэврийн сантайгаа уясан. Тийм учраас дэлхий дээр байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын сан нь Норвегийн тэтгэврийн сан гэдэг нэртэй. Харин манайд эх үүсвэрийнхээ хувьд сангууд бүрдэж байгаа. Хамгийн тогтвортой хоёр сан нь Тэтгэврийн болон тогтвортой хөгжлийн сан байна. Цаашдаа манайх баялгийн сантай болно. Бид Хүний хөгжлийн сангаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа иргэн бүртээ 21000 төгрөг, дараа нь 500 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээ дууссаны дараа уг сан нь Баялгийн сан болох ёс той байлаа. Гэтэл манайд баялаг нь бэлэн болоогүй байхад зарцуулалт нь явагдсан. Тиймээс Баялгийн сан бүрдэж чадахгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулинд бодитойгоор баялгийн сан бий болох боломж бүрдлээ. Баялгийн сан, Нийгмийн даатгалын сан нийлэхэд маш их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Санхүүжилтийн эх үүсвэрээр эргээд моргейжийн зээлд тавих юм бол 8 хувийн хүүгээрээ өсч байх ёстой. Энэ механизмаар бид эх үүсвэрээ олохоор ярьж байна. Үүнтэй холбогдуулан БХБЯ, ХАХНХЯ, Монгол банк, холбогдох арилжааны банкуудыг хамтраад дөрвөлсөн хэлэлцээр эхлүүл. Эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгөөр үүнийг эхлүүлэх бүрэн боломжтой. Цаашдаа бид зохих хуульд өөрчлөлт оруулаад энэ сангаа бодитой ажиллуулах боломж бүрдэх юм
-Чингис бондын төслөөр хийгдсэн “Гудамж” төслийн явц ямар байна вэ?
-“Чингис” бондоос санхүүжүүлсэн олон төслийн нэг нь “Гудамж”. Эхлээд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаад, дараагаар нь аймгийн төвүүдэд хэрэгжсэн байсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс харьцангуй өөр, сайн байсан. Өнөөдөр манай эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Гэхдээ бид шууд баялаг бүтээдэг зүйл рүүгээ хөрөнгө эргэлдүүлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тиймээс аймгуудын төв дээр хэрэгжиж байсан “Гудамж” төслийг зогсоосон. Улаанбаатар хотод өмнө нь төлөвлөгдсөн ажлуудыг хийж байгаа. Цааш нь үргэлжлүүлэх ажил яригдаагүй. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд дуусч байна. Хамгийн томоор яригдсан зүйл нь Туулын хурдны зам. Туулын хурдны замын хувьд бид богд уулыг тойруулаад холбоно гэсэн зорилт тавьсан. Улаанбаатар хоттой холбоотой 9 том төсөл хөтөлбөр яригдаж байгаа. Бид газрын хуульд өөрчлөлт оруулаад улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн төсөл боловсруулсан. Эхний ээлжинд Алтанбулаг- Замын-Үүдийг холбож байгаа 3 эгнээ 1000 гаруй км хурдны зам байгаа. Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрнө.
Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урд талаар гаргахаар “Богд уулын төмөр зам” төсөл боловсруулсан. Мөн Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Майдар эко сити” том төв байгуулна. Энэ төсөл 4 үе шаттай явагдана. Дараагийнх нь Хөшгийн хөндийн онгоцны буудал. Онгоцны буудлаа дагасан “Айросити” болон төмөр зам, автозамын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв үүсэх ёстой. Улаанбаатар хот богд уулыг бүтэн тойруулаад 3 эгнээ хурдны зам баригдана. Үүний хамгийн эхнийх нь 22-ын товчоогоор дамжаад Туулын хойд эгнээг дагасан 33 км урт хотын баруунаас зүүн тийш явах зам юм. Дараагийн төсөл нт Хөшгийн хөндийгөөс Сонсголонгийн гүүр хүртэлх 30 гаруй км 4 эгнээ хурдны зам байгаа.
2017 оны нэгдүгээр сар гэхэд манай Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орно. Энэ үед шууд 4 эгнээ хурдны замаар зорчино. Одоогийн Нисэх рүү орж байгаа зам хурдных биш 3 дугаар зэрэглэлийн зам. Хөшгийн хөндийгөөс Улаанбаатар руу орж ирэх хурдны зам олон улсын стандартай болно. Ингэснээр яг 4 уулынхаа дунд түгжрээд байгаа асуудлыг шийднэ. Ойрын ирээдүйд бид дундаа Богд уул гэсэн байгалийн парктай хот болж хөгжих төлөвлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбоотой Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хаврын чуулганаар батлагдах байх. Мөн хүй 7 худагт Монгол наадмын төв барьж байгаа.
-Эдийн засаг сэргэх нөхцөл бүрдсэн үү? Төсвийн орлого тасалдалтай байгаа.
-Орлогын эх үүсвэр эхний хоёр улиралд тасалдалтай байгаа. Энэ янзаараа явбал орлогын тасалдал нэлээн их хувийг эзэлнэ. Ингэвэл зайлшгүй төсвийн тодотгол хийх шаардлага үүснэ. Яагаад гэвэл орлогодоо тааруулаад зарлагаа тавьж байгаа. Тиймээс төсвөө хэмнэх танах асуудал үүснэ. Энэ нөхцөл байдал үүсвэр хаврын чуулганы төгсгөлд өргөн барих байх.
-Гацууртын ордын тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газраас өргөн барьсан тогтооол нь хоёрхон заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа тогтоол гаргаж байсан. Гацууртын хувьд сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь авах санал оруулахад УИХ шаардлагагүй гээд шийдээгүй. Тусгай роялти гэдэг нь тодорхой хувь авна гээд тэрийгээ орлуулж байгаа асуудал. Тэгэхээр одоо Засгийн газраас хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол дээд хэмжээгээр буюу 34 хувиар тогтоох, түүндээ тааруулаад тав хүртэлх тусгай роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь 5 хувийн суурь роялти, 5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ