АТГ-ын мөрдөгчид Б.Пүрэвдоржийн талаар ноцтой баримтыг гартаа оруулсан уу

Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татсан хэвээр байна. Тиймдээ ч өчигдөр тэрбээр өөрийн биеэр олон нийтэд мэдээлэл хийж өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн юм.
Тэрбээр “Иргэн хүн хардах эрхтэй. Тэд хардсан зүйлээ гомдол болгон хуулийн байгууллагад өгдөг. Хуулийн байгууллагууд түүнийг нь шалгах ёстой. Харин албан тушаалтнууд шалгуулах үүрэгтэй. Намайг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг зүйл ангиар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Би энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Тухайлбал, төсөв мөнгө яаж бүрддэг юм бэ. Жишээ нь, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомт дээр байгаа жирийн нэгэн шалгагч эмэгтэй бүтэн сарын турш ажиллаж байж 500 мянган төгрөгийн цалин авдаг. Түүнээсээ нийгмийн даатгалын шимтгэл маягаар татвар төлдөг. Татвараас төсөв бүрддэг гэдгийг хүн бүр мэдэх байх. Тэр эмэгтэйн бүтэн сарын турш ажиллаж, хөлсөө урсгаж олсон мөнгөнөөс нь төлсөн татварыг хумслах, сохор зоос ч ашиглах ёс суртахуун надад байхгүй ээ. Тиймээс би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа. Ер нь албан тушаалтнууд өөртэй нь холбоотой хэргийг шалгах үед хөндлөнгөөс нөлөөлөх явдал гардаг. Тийм учраас миний бие энэ хэргийн шалгалтыг хэвийн явуулах, хөндлөнгөөс нөлөө байлгахгүй байх үүднээс өөрийн хүсэлтээр ИХШХЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /өчигдөр/ өгч байна. Ер нь ардчилсан улсад албан тушаалтнууд асуудлаа шалгуулаад, нэр төрөө сэргээлгээд эргээд ажилдаа ордог тохиолдол их байдаг. Харин Монголд байхгүй. Тийм зүйлийг би санахгүй байна. Харин би залуу хүний хувьд, төрд цаашид зүтгэх хүний ёсоор энэ соёлыг Монголд бий болгоё гэсэн зорилготой байгаа учраас ийнхүү албан тушаалаа өгөх болсон хэрэг. Юутай ч энэ асуудлыг шалгуулж үнэн зөв нь олдоно байх гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.
Ямартай ч тэрбээр байр сууриа ийнхүү илэрхийллээ. Тэгвэл түүнийг шалгах болсон үндэслэл нь нэгэн нэр бүхий эмэгтэйн гомдлоос үүдэлтэй гэдгээ тэрбээр яриныхаа завсан цухас дурьдсан юм. Тэгвэл АТГ-аас Б.Пүрэвдоржоос гадна тус газрын санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийг мөн шалгаж байгаа. Тэднийг төрийн албан тушаалтаны эрх мэдэл, буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж буй.
Тэгэхээр нэр бүхий хүмүүс ямар байдлаар албан тушаалаа ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулав гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Юутай ч өнгөрсөн хугацаанд Б.Пүрэвдоржийг даргын тухай таагүй мэдээллүүд хэвлэлээр олонтаа гардаг байсан ч тэрбээр энэ бүхнийг үгүйсгэдэг байсан билээ. Тэрбээр өмнө нь чамлахааргүй дуулианд нэр холбогдож байсан нэгэн. Тухайлбал, түүнийг Ховд аймгийн “Аймаг хөгжүүлэх сан”-гаас өөрийн эзэмшлийн компани болох “Баруун монгол интернэйшнл” ХХК-ийнхаа нэр дээр Мах боловсруулах үйлдвэр барихаар 350 сая төгрөгийн зээл авсан хэмээн яригдаж байсан. Тэрбээр 350 сая төгрөгийн зээл авсан хэрнээ өнөө хэр нь үйлдвэрээ бариагүй байгаа тухай яриа гарч байсан юм.
Түүний энэхүү 350 сая төгрөгийн асуудлаар Ховд аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваа хэвлэлүүдэд нотлон ярьсан байдаг юм. Тэрбээр “Баруун Монгол интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвдорж “Мах боловсруулах үйлдвэр” барих нэрийдлээр “Аймаг хөгжүүлэх сан”-гаас 350.0 сая төгрөг аваад зогсохгүй, ХААХҮЯ /хуучин нэрээр/ -аас нэмж 400.0 сая төгрөг авсан боловч махны үйлдвэрийн сураг чимээ өдийг хүртэл таг чиг байгаа. Түүнийг махны үйлдвэр барих нэрээр зээл авсны дараахан шинэ “Ланд 200” авто машин худалдаж авсан тухай Ховдчууд ам булаалдан ярьж байсан гэдэг.
Тэгэхээр АТГ-ын мөрдөгчид ямар нэгэн хэргийн сэжүүрээс атгаж авсны үндсэн дээр нэр бүхий хоёр албан тушаалтныг шалгах болсон нь үнэний ортой байж мэднэ. Тухайлбал, тэднийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Энэ нь Б.Пүрэвдорж даргыг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтайгаа хамтран албан тушаалаа ашиглаж хууль бус шийдвэр гарган үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлжээ гэсэн үг. Харин зарим нэг эх сурвалж тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийг Б.Пүрэвдоржийн хамсаатан гэж үзэн сэжигтнээр татсан хэмээн мэдээлж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр “тэднийг 30 хоногийн жуулчны визтэй орж ирсэн хятад иргэдийг удаан хугацаагаар манай улсад оршин суух виз олгосон байж магадгүй” гэх хэрэгт хардаж байгаа аж. Ямартай ч Б.Пүрэвдоржийн тухай ноцтой баримтыг АТГ-ын мөрдөгчид гартаа оруулсан бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ