Тэр хүү хашаа байшинтай болохыг хүсдэг

Тэр хүү сонин зардаг. Олсон мөнгөөрөө гэртээ талх, оройн хоолны ногоо бариад харьдаг. 11 настай охин зах дээр тор худалддаг. Заримдаа автобусны мөнгөө ч олж чаддаггүй. Хамтдаа ажилладаг нэгээсээ зээлдэг.
Нэг хөвгүүн чингэлгээс ачаа буулгасан ажлын хөлсөөрөө тамхи авч татдаг, хааяа архи уучихдаг болж. Харин хөдөөгийн хүүхдүүд мал маллаж, морь унаж, үнээ мал сааж байгаа. Хүүхдүүд ингэж хөдөлмөрлөж байна.
Дэлхий дээр 218 сая, Монгол Улсад 70 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэж албаны тоо баримтад тэмдэглэгджээ. Дэлхийн бүх оронд хүүхдийн хөдөлмөрийг цэгцлэх, энэ асуудалд анхаарал хандуулахын тулд жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр болгожээ.
Тэр өдөр өнөөдөр. 15-16 насанд хүрсэн хүүхэд аав, ээждээ туслах, гэр бүлийн бизнесээ дэмжих, монгол ёс заншилдаа суралцах нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Харин хүүхдийн эрхэд харшилсан, хүүхдийн бие бялдар, оюун санааны нөхцөлд сөргөөр нөлөөлөх хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Энэ нь хүүхдийн хүнд хөдөлмөр юм гэдгийг ч зааж өгсөн бий. Харин хүүхдийг зорилготойгоор биеийг нь үнэлүүлэх, зуучилж ажил хийлгэх, бэлгийн мөлжлөгт уруу татах, хүний наймааны золиос болгох нь тэвчишгүй хөдөлмөр юм.
Нүүдэлчин соёл иргэншилтэй, өвөрмөц ёс уламжлалтай, малчин монголчуудын хувьд хүүхдийн хөдөлмөр гэдгийг дэлхийн бусад оронд үзэж буйгаас арай өөрөөр ойлгох хэрэгтэй. Учир нь малчин аав, ээждээ туслаад мал хариулж, үнээ саагаад явж буй хүүхдийг хөдөлмөр эрхэлж байна гэж үздэг. Тухайлбал, ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк хамтарсан “Монгол Улсын хүүхдийн хөдөлмөр ба залуучуудын ажил эрхлэлтийг ойлгохуй” судалгааны тайланд “Хүүхдийн хөдөлмөр хөдөө орон нутагт их байгаа бөгөөд хөвгүүдийн хөдөлмөр эрхлэлт охидынхоос илүү, нас ахих туам хүүхдийн ажилт эрхлэлт нэмэгдэж байна” гэж дурджээ. Үнэн хэрэгтээ энэ нь хүүхэд эцэг, эхдээ тусалж, хөдөлмөрт суралцаж буй нэгэн хэлбэр.
Харин хүүхэд тодорхой ажил эрхлэхийн тулд ажил олгогчтой гэрээ байгуулж, хөдөлмөрийн харилцаа үүсдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд бусад хүнд хөлсөөр ажил хийж, цагийн хуваарийн дагуу хөдөлмөрлөж, ажлын хариуцлага алдагдвал хүүхдэд хариуцлага тооцдог гэсэн үг. Иймээс энэ нь хүнд хөдөлмөр болоод байгаа юм. Тухайбал, уралдаанч хүүхэд, барилга, ногооны талбайд ажиллаж байгаа хүүхдүүд. Тэдний эцэг, эхчүүд олонх тохиолдолд хүүхдээ сонсолгүйгээр уяачтай, эзэдтэй гэрээ байгуулж, хүүхдээ ажиллуулдаг аж. Насанд хүрээгүй хүүгээ барилгын туслах ажилтан болгож, охиноороо тогооч хийлгээд, эцэг, эх хоёр нь барилга барьж байна. Эцэг, эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлого муутай айлд ийм жишээ олон байгаа.
Хүүхэд хөдөлмөр эрхлэх нь гэр бүлтэй шууд холбоотой. Аав, ээж нь ажилгүй гэртээ суудаг эцэг, эхийн нэг нь нас барсан эсвэл гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байдаг учраас хүүхдүүд хөдөлмөр эрхэлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс холбогдох байгууллагуудаас гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх буюу амьдрах, арга ухааныг заах, зөвлөх сургалтын багцыг боловсруулаад ажиллаж байгааг албаны хүн онцолж байсан. Тийнхүү гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан хүүхдийнхээ олж ирснийг идэж, уучихаад гэртээ суугаа томчуудад хүү, охины чинь хөдөлмөрлөх шалтгаан юуг хэлж, хүүхдээ бус өөрөө хөдөлмөрлөх аргыг зааж, ажлын байрыг хүртэл сурталчилах гэнэ.
Хүүхдүүд гар дээрээс наймаа хийж, барилгад ажиллаж, цайны газар, ресторанд бэлтгэгч хийн төмс, ногоо арилгаж, тэрэг түрж, машин угааж, чингэлгээс ачаа буулгаж, лангуун дээр зогсох зэргээр ажиллаж байна. Тэд ажилгүй гэртээ суугаа аав, ээжээ тэжээх, сургуульд сурах, өдрийн хоол, унааны мөнгөө олох, хашаа, байшинтай болохын тулд хөдөлмөрлөдөг гэж судалгааны асуултад хариулсан. Тэдний 90.9 хувь нь гэр хороололд, зарим нь хашаа байшин түрээслэдэг бол 9.1 хувь нь орон сууц, подвольд амьдардаг аж.
Өдөржин автомашины зам дээр үнэртүүлэгч зарж, машин угааж, барилгын талбайд цемент үүрч, нас биеэсээ ахадсан ажил хийж, эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны дарамт амсаж буй хүүхэд өдөрт 3-10 мянган төгрөгийн орлоготой ажилладаг. Өдөрт ийм хөлстэй хөдөлмөр хийгээд “өөрийн хашаа байшинтай болно” гэж мөрөөдөж байгаа хүүхдийн сэтгэлийг агуу гэлтэй. Гэтэл хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд бусдад уруу татагдан архи, тамхи хэрэглэж, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх үзэгдэл гардаг байна. Энэ нь хүүхдүүд хараа хяналтгүй, гар дээрээ байнга бэлэн мөнгөтэй байдагтай холбоотой. Уг нь хүүхдүүд аливаа эрсдлээс хамгаалагдах язгуур эрх ашигтай. Онцгой субъект.
Хүүхдийн хөдөлмөрийг бууруулах олон улсын гэрээ, конвенциудад манай улс нэгдэн орсон байдаг. Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг гарч энэ асуудалд цаашид төрөөс ямар бодлого барьж ажиллах, Олон улсын байгууллагатай хэрхэн хамтрах, хүүхдэд ажил олгогчидтой яаж ойлголцох чиглэлээр ажиллаж байгаа аж. Одоогоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтраад барилгын салбарт ажиллаж байгаа хүүхдүүдийн судалгааг гаргахаар төлөвлөөд байгаа гэсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ