Жижиг газрын том улс төр
НИТХ-ын шийдвэрээр Налайх дүүргийг нийслэлийн дагуу хот болгосон. Ингэснээр Налайх хотын захирагчийг сонгох сонгуулийн ажил ундарч, ирэх ням гаригт санал хураалтаа явуулах гэж байна. Захирагчийн сонгуульд нийт найман хүн нэр дэвшиж буй. Бүгд намаасаа татгалзаж, захирагчийн суудлын төлөө бие даан өрсөлдөж байгаа. Харин энэ өрсөлдөөн цэвэр явагдахгүй байна гэдгийг нэр дэвшигч Д.Цогоо Үндэсний мэдээллийн төвд ирж гомдоллов. МАН-ын угшилтай, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч түүний хот удирдах том албын төлөөх өрсөлдөөн нь сэтгэлзүйн дарамттай явагдаж буй гэнэ. Сонгуулийн нэгдсэн хорооноос түүний нэрийг жагсаалтаас хасна хэмээн амаар мэдэгдсэн аж. Шалтгаан нь өрсөлдөөнд улс төрийн нам ашиглахыг завдсан хэмээн тайлбарлаж. Бас иргэд, сонгогчидтой хийж буй уулзалт бүрийг нь тагнаж чагнан, сонгуулийн штаб руу нь өдөр бүр утасдаж, өнөөдөр хаагуур явах, юу хийхийг нь лавлаж, сэтгэлзүйн хүнд дарамтад оруулж байна гэдгийг нэр дэвшигч Д.Цогоо хэлэв. Тиймээс ч тэрбээр сонгуулийн нэгдсэн хороог санал хураалтыг шударгаар явуулах эсэхэд эргэлзэж буйгаа дуулгав. Мөн саналын дүнг тоолох үйл явцад ажиглагч нарыг оролцуулахгүй, дуу хурааж, дүрс бичлэг хийхийг хориглож байгаа нь түүнийг түгшээж байгаа гэнэ.
Энэ асуудлыг тодруулахаар Налайхын сонгуулийн нэгдсэн хорооны дарга Манарбектэй холбогдлоо. Тэрбээр сонгуулийн үйл явц, нэр дэвшигчдийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Харин нэр дэвшигч Д.Цогоод зөвлөмж өгсөн гэдгээ хэлж байна. “Ямар нэг намын төлөөлөл бус иргэнийн хувиар нэр дэвшиж буй учраас улс төрийн намыг ашиглаж, гишүүд сонгуулийн сурталчилгаанд нь оролцож, дэмжиж үг хэлэх нь хууль бус гэдгийг зөвлөсөн. Хувь хүнд анхааруулга өгдөг шүүх, цагдаа биш” гэсэн тайлбарыг өгөв. УИХ-ын зарим гишүүн Д.Цогоогийн штаб дээр нь ирсэн учраас ийн зөвлөмжийг өгсөн гэдгээ тодотгов.
Сонгууль л болсон хойно хардлага сэрдлэгээс ангид байхгүй. Гэсэн ч хамгийн чухал нь бүх үйл явц хуулийн хүрээнд явагдах ёстой. Хурлын төлөөлөгч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч гээд олон төлөөллөөс нэр дэвшигч нь бүрдсэн энэ сонгууль Налайх хотын хувьд чухал сонголт. Хэдийгээр ганцхан жилийн настай захирагч ч нийслэлийн дагуул хотын үндэс суурийг тавих чухал алба. Улаанбаатар хот түүхэндээ анх удаа дагуул хоттой байх шийдвэрийг гаргасан. Харин энэ дагуул хот нийслэлийн ачаалал, “зовлон”-гоос үүрэлцсэн жинхэнэ дагуул байх уу. Хот нэртэй дүүрэг хэвээр үлдэх үү гэдэг нь удирдлагаас нь ихээхэн хамаарна.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ