Төв цэвэрлэхийн засварыг 18.00 цагт дуусгахаар зорьж байна

Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажил өнгөрсөн шөнө эхэлсэн. Үүнтэй холбогдуулан орон сууцны айл өрхийн хэрэглээний усыг түр хязгаарлаад байсан. Өглөөний 07.40 цагаас эхлэн хязгаарлалтаа авч, хот руу усаа өгч эхэлсэн байна. Ингээд 11.00 цагийн үед ус түгээлт хэвийн горимд оржээ. Засвар үйлчилгээний талаар УСУГ-ын дарга С.Үнэнгээс тодрууллаа.
-Өнгөрсөн шөнө төлөвлөсөн засвараа хийж дуусгасан уу?
-Байгууламжид их хэмжээний эвдрэл үүссэн байна. Гэхдээ нураад уначих хэмжээний бол биш. Өнгөрсөн шөнө хуваарилах камераа сольж тавьсан. Бас бетон ханыг сэргээн заслаа. Маш хурдан хатаж, бэхэмждэг Герман технологи ашигласан болохоор цаг их хэмнэлээ.
-Саяхныг хүртэл ус ирээгүй байна гэсэн гомдол ирээд байсан?
-Бид өглөөний 07.40 цагт хязгаарлалтын хаалтаа авсан. Усыг тавингуут шууд айлын крант руу очихгүй. Усыг хаах амархан. Харин тавих их хэцүү. Өндөр даралтаар шахаж байсан усыг хаагаад буцааж тавихад горим алдагдсан байдаг. Хэдэн зуун хаалт хаагдаж, онгойно шүү дээ. 11 цагийн үед ус түгээлт хэвийн горимдоо орсон.
-Засварын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах уу?
-Бид засварын ажилд тооцоолоогүй хүндрэл үүсэх вий гэдгээс сэргийлж, цагаа запастай тооцсон. Ажил бол хурдтай явж байна. Герман технологи маш хурдан хатдаг учраас бараг 10 цагийг хэмнэлээ. Оройн 18.00 цагт засварын ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байна. Харин засварын дараах ажил бол 72 цаг үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ