Усанд осолдохоос болгоомжил

img

Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран өнөөдрийн байдлаар Ховд голд осолдсон хоёр, Сэлэнгэ мөрөнд осолдсон нэг хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд усны ослын золгүй тохиолдлоор 19 /хүүхэд-5, насан хүрсэн хүн 14/ хүн амь насаа алджээ.

 

Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүдэд бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн гол усны түвшин нэмэгдэж, гол ус үерлэж болзошгүй үед тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчих, санамсар болгоомжгүй байдлаас автомашинтайгаа усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардгийг сэрэмжлүүллээ.

 

Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын  хамтарсан удирдамжийн дагуу НОБГ-ын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр энэ сарын 15-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ