Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар ойн түймэр гарсныг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 47 иргэн, нийт 71 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн аймгийн Баруунбүрэн сумын Ирэн багийн нутаг “Хүүшийн-Ар” гэдэг газар энэ сарын 13-ны өдөр гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, орон нутгийн 34 иргэн нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цурамд оруулжээ.
Харин Сүхбаатар сумын Хонгорморьт багийн нутаг “Хулгайчийн булаг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж түймрийг унтраагаад байна. Он гарсаар улсын хэмжээнд нийт 169 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ