Эхнэрийн санаа эргэчихжээ

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хянах, судлах үүрэг бүхий ажлын хэсгийн төлөөлөл өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой”-д зочилж нүүрсийг жигнэж үзээд “дажгүй” гэж дүгнээд иржээ. Энэ ажил нь одоо хэрүүлийн алим болоод байгаа Тавантолгойн гэрээний төсөл дээр дүгнэлт гаргахад зайлшгүй хийгдэх ёстой ажил байсан бололтой.
Ажлын хэсгийн ахлагчийн мэдэгдсэнээр бол “Эрдэнэс Тавантолгой” компани одоо байгаа нөөцөө шавхаад Чалкод нийлүүлчихэд 140 сая ам.доллар болох юм. Дээр нь 2 сая ам.доллар нэмэхэд Чалкогийн өр дуусаа. Цаана нь юу хэлэх гээд байгаа юм бол. Л.Эрдэнэчимэг гишүүн үүний урьд хийсэн мэдэгдэлдээ 2010 оны шалгаруулалтад байсан 6 компанийг дурссан бол энэ удаа Пибодиг шалгаруулалтаас хасч нулимстай нь үлдээснийг “цохон” хэллээ. Түүний нэлээн сайн бэлдэж хийсэн хоёр ч мэдэгдэлд задаргаа хийж харахад их сонин. Ажлын хэсэг байгуулсан гол зорилго болох Тавантолгойн гэрээн дээр хийж буй дүгнэлт бэлэн болоогүй байгаа гэж мэдэгдэх хэрнээ 6.5 тэрбум нүүрсийг шийдэх төслийн дараагийн явах замыг нь шууд зааж өгөөд байгаа юм. Энэ нь сүүлийн мэдээллээс нь шууд л мэдрэгдэж байна.
...Сардаа 600 мянган тонн нүүрсийг өрөндөө авч байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажил зогсоогүй. 2011, 2012 онд нэлээн ашигтай ажилласан байгаа.
...“Пибоди” сүүлчийн өдөр хүртэл энэ консерциумд багтаж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байсан ч Засгийн газар шалгаруулаагүй.
....ОХУ-ын Төмөр замын дарга В.Якунинаас ирсэн захидалтай танилцсан.
....Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй, зөвхөн урагшаа гарцтай төмөр зам бариулахаар Тавантолгойн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах үеэр хийгдсэн яриа хэлэлцээрээс эсрэг байдалтай сонгон шалгаруулалт хийгдлээ... /ажлын хэсгийн ахлагч Л. Эрдэнэчимэг 2015.06.16/
Эндээс ажлын хэсгийн дүгнэлт яаж гарах нь тодорхой харагдаж байна. Одоо дахиж 3000 хуудас материалыг тааваараа уншиж нийгэмд хүлээлт талцал үүсгэн цаг үрэх хэрэг байгаа ч юм уу. Өрх айлаар бол эхнэрийн санаа эргэчихсэн байна. Энийгээ ч шулуухан хэлж байна.
...Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад бэлэн болж байна. Энэ тогтоолын төсөл дээр нэгдүгээрт, энэ гэрээгээ Засгийн газар буцааж татах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргана... /ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг/
Энэнээс илүү яаж ойлгуулах юм бэ. Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай шинэ хувилбар төслийг хийсэн цүнхээ бариад “хойд айл” руу алхах нь дээ.
Ажлын хэсгийн дүгнэлт аль хэдийн гарчихсан гэж хэлж болохоор байна. Дараагийн тогтоолын эх загвар ч бэлэн болж “дээгүүрээ” хянагдаад чуулганаар батлуулах алхамдаа орчихсон гэж харагдаж байна.
Гурван удаа хуралдсан ажлын хэсгийн дүгнэлтийн талаарх албан ёсны хоёр дахь удаагийн мэдэгдэлээс харахад “Пибоди дээшээ морил” гэсэн урилга эзэндээ хүрэхэд бэлэн болж байгаа бололтой.
Их хурлын зүгээс өгсөн чиг үүргээр ажлаа хийж байгаа ажлын хэсэг болоод ахалж буй Л.Эрдэнэчимэг гишүүн рүү үг хаях юм алга. Нэг талд гарч туйшралгүй асуудлыг нарийн судалж үнэн зөв дүгнэлтээ эцсийн байдлаар олон нийтэд зарлах хэрэгтэй.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ