“Тогорууны баяр”-ыг тэмдэглэжээ

Хэнтий аймгийнхан “Тогорууны баяр”-ыг хоёр дахь жилдээ тэмдэглэлээ.
Тодруулбал, тус аймгийн Биндэр суманд энэ сарын 13-ны өдөр “Тогорууны баяр”-ыг зохион байгуулжээ. Уг арга хэмжээний үеэр Монгол, Орос, Япон, Солонгос орны сурагчдын гар зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, байгаль орчны сургалт, сурталчилгаа зэрэг үйл ажиллагаа болжээ.
Энэхүү баярын арга хэмжээ нь Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах, иргэдийн төрөлх нутгийнхаа байгалийн баялагаар бахархах сэтгэлийг дэмжих зорилготой ажээ.
Дэлхий дээр 5 төрөл, 15 зүйлийн тогоруу тархан амьдардаг бөгөөд манай орны нутагт 7 зүйлийн тогоруу нүүдэллэн ирдэг байна. Харин эдгээр шувуудаас хархираа тогоруу, цэн тогоруу, өвөгт тогоруу гэх 3 зүйл нь өндөглөн зусдаг аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ