Зам тээврийн ослоор 141 хүн нас баржээ

Урин дулааны улирал амралт, зугаалгын цаг эхлэж байгаа энэ үед замын хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын тоо эрс нэмэгдэж, хүний амь нас эрүүл мэнд хохирч, эд материалын хохирол учрах тоо, тохиолдол гарсаар байна.
2015 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн хэрэг 870 бүртгэгдэж, 554 хүн хүнд хөнгөн гэмтэж, 141 хүн нас баржээ. Энэ тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бүртгэгдсэн хэрэг 13 хувь, гэмтсэн хүний тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хөдөө орон нутагт зам тээврийн осол хэрэг 365 бүртгэгдэж, 230 хүн хүнд хөнгөн гэмтэж, 87 хүн нас баржээ.
Хөдөө орон нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлэх, зогсоох арга хэмжээ авч чадахгүй байх, замын нөхцөлд хурд тохируулан яваагүйгээс онхолдох. Стандартын шаардлага хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцох, хамгаалах малгай, хамгаалах бүс хэрэглээгүй, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчснөөөс зам тээврийн осол гарч байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.
Харин нийслэлд замын хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, шүргэлдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигийн буруутай үйлдэл, хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшээгүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болж байгаа аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ