Хууль төрүүлэх лобби

img

УИХ-ын хаврын чуулган завсарлах хугацаа ойртож байна. Харин хаврын чуулган хэлэлцэхээр төлөвлөсөн хууль тогтоолын төслийн тал хувьд нь ч ороогүй байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж байлаа. Энэ нь оргүй зүйл бус. Аль ч нам эрх барьж байсан хавар, намрын чуулган завсарлах дөхсөн сүүлийн өдрүүдэд парламент хуулийн төслүүдийг бөөндөн хэлэлцэж баталдаг гэм биш зантай.

 

Эдүгээ  ч энэ үйлдэл давтагдах нь. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх 20 орчим хууль тогтоолын төслийн дийлэнх нь эцсийн хэлэлцүүлэг хийж батлахаар аж. Тухайлбал, Шүүх байгуулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Захиргааны ерөнхий болон бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах ажээ. 

 

Харин хаврын чуулган шийдлийн Засгийн газарт ээлтэй байсангүй. Хаврын чуулганы хугацаанд шуурхай хэлэлцэн баталж өгөхийг Засгийн газраас хүссэн хэд хэдэн хуулийн төсөл өнөө ч парламентаас гараагүй байна. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл энэ чуулганаар батлагдахгүй бололтой.

 

Дээр нь яаралтай хэлэлцүүлэхээр өргөн баригдсан хуулийн төслүүд ч буцаагдаж байна. Тавантолгойн гэрээний төслийг өргөн барихдаа Засгийн газрын тэргүүн 14 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан. Гэвч энэ гэрээний төсөл өргөн баригдсанаасаа хойш чуулганы танхим гадна хэлэлцэгдсээр өнөөдрийг хүрлээ. Энэ гэрээний төслийг нягтлан дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчийн мэдээлснээр “Тавантолгой”-н гэрээнд дахин тодруулах нягтлах зүйл байгаа, англи хэл дээрх эх хувилбар нь монгол хэл дээрх эх хувилбараасаа зөрчсөн, шаардсан зарим материалыг ажлын хэсэгт өнөө хүртэл ирүүлээгүй байгаа зэрэг түмэн асуудал тоочсон. Тиймээс энэ гэрээний төсөл хаврын чуулганы хугацаанд парламентаар шийдвэрлэгдэхгүй нь тодорхой болоод байгаа.

 

Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл гишүүдийн дэмжлэгийг авсангүй хууль санаачлагачдаа буцлаа. Уг хуулийн төсөл хоёр дахь удаагаа парламентын босгонд бүдрэв. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсангүй. Нөгөө талаас Ерөнхий сайд ОХУ-д ажлын айлчлал хийж, хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцож байгаа энэ үед Засгийн газар гишүүд нь ажлаа муу хийлээ. Гацууртын асуудлаар санал хураалт явуулахад 10 сайд гишүүн байсангүй тул Гацууртын төсөл  дэмжигдэлгүй “унаж”, УИХ-ын даргын хэлдгээр “хохь нь” болов.

 

Парламентаар хэлэлцүүлэлгүй, БНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх тухай төлөвлөгөөг өнөө ч парламентын зарим гишүүн хардаж, Ерөнхий сайдад асуулга тавьсаар байгаа.

 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авсан. Харин энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар  УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг “ажил хаялт” зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Ирэх өдрүүдэд УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн зүгээс өргөн барьсан хуулийн төсөл хэлэлцэгдсэнгүй гэх спикерт хаяглагдсан гомдол санал үргэлжлэх биз.

 

Ер нь хаврын чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад төлөвлөгдөөд хойшлогддог хэд хэдэн хуулийн төсөл бий. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд хэдэн чуулган дамжин хэлэлцүүлэг нь хойшлогдсоор ирсэн. Харин ирэх намрын чуулганаар он гарахаас өмнө амжиж хэлэлцэгдэх хуулийн шаардлагатай тулж байна.

 

Парламентаас хууль төрөх нь хэн хэн нэгний эрх ашигт бус нийтийн бөгөөд зайлшгүй шаардлагатай байх ёстой. Харин гишүүдийн хувьд өөрийн санаачлан өргөн барьсан хуулиа цээжээрээ хамгаалж, өрөөлийнхөд “хаалт” тавих тоглолт хийгээд байна уу гэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж байна.

 

Энэ нь ч нууц биш. Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход нэг жил орчим үлдсэн. Тиймээс зарим гишүүн өнгөрсөн хугацаанд санаачилсан хуулийн төслөө батлуулахаар амьсгал дээгүүр зүтгэж байна. Эрхэм гишүүд хэн нэгний, бүлэг фракцын, сонгогчдодоо “тал зассан” хуулийн төслийг санаачлан барьж гүйхээс бус улс орны эрх ашгийг бодолцох сөхөөгүй явна. Учир нь сонгууль дөхөж, намаасаа хийгээд нэр дэвших тойргоосоо дахин сонгогдох эрх авахын төлөө гишүүд хэлэх үгтэй, хийсэн ажилтай байх шаардлагатай. Тиймээс л санаачилсан хуулиа батлуулж, “төрүүлэх”-ээр бие биенээ лоббидон гүйлдэж байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайн болгож байгаад шүүсгүй блохоор нь батлаад байгаа юм бишүү. Харин цаг хугацаа нь л заавал баяр болж төөрөөд байгаа юм. Гишүүдийн буруу биш нар, сарны буруу юм билээ.
2015-06-19