Ч.Төрмандах: 3.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан
УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагаатай танилцсан талаар өмнө мэдээлсэн билээ. Энэ үеэр тус сумын орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийхан өөрийн төв байранд үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм. Танилцуулгыг тус компанийн эдийн засагч Ч.Төрмандах хийсэн.
Тэрбээр хэлэхдээ “Манай компаний Говь түшээ гүний хошууны Их шанхай уулын ойролцоо нутаг Цэций уулын баруун хойд ар буюу одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 550км, Цогтцэций сумаас 15км зайд далайн түвшнээс 1500-1830м өндөрлөгт оршдог.
Бид өнгөрөгч онд нүүрсний салбарт бусад компаниудаасаа ашигтай ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй. Энэ оны эхэнд тус компани 22 сая тонн нүүрс дангаараа олборлосон. Ашигт малтмалын тухай хууль шинээр гарч “Тавантолгой” ХК өөрийн эзэмшилд байсан ордын нийт 11350 га талбайг улсдаа буцаан өгч зөвхөн ашиглалт явуулах 169 га талбайг авч үлдэн үйл ажиллагаагаа явуулсан. Тавантолгойн орд газраас анхны нүүрсний экспортыг эхлүүлж, Гашуунсухайт хилийн боомтоор 256 тонн нүүрсийг БНХАУ-д нийлүүлж байсан.
“Гашуунсухайтын автозам” ХХК, “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшигч болж хөрөнгө оруулалтыг мөн хийсэн аж. “Тавантолгой” ХК нь орон нутгийн 51 хувь хувьцаа эзэмшигчдийн өмч 49 хувийн өмчлөлтэй. Ашиглалтын хугацаанд нийт 31 сая тонн нүүрс олборлон борлуулсан.
Ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг ганц компани бөгөөд дотоодын зах зээлд жилдээ 500 тонн кокс үйлдвэрлэн нийлүүлсэн. Манай компанийн хувьцааг дэлхийн 23 орны иргэд эзэмшдэг. Хүсвэл манай улсын иргэд ч мөн хөрөнгийн бирж дээрээс хувьцааг нь худалдан авах боломжтой аж. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани бусад компаниудаас хамгийн хямд буюу 1 метр куб нүүрсийг 4700 төгрөгөөр олборлодог бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд 6800 төгрөгөөр олборлодог.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Улс, орон нутгийн төсөвт татварт 403.48 тэрбум төгрөг орлого төвлөрүүлсэн аж. Тус аймгийн төсөвт зөвхөн ногдол ашгаас 110 тэрбум төгрөг төвлөрүүлж, төсвийнх нь 70-80 хувийг дангаараа бүрдүүлэн ажиллаж байна. Хөрөнгийн бирж дээрх нэгж хувьцааны үнээр хамгийн өндөр рекорд тогтоосон буюу 1ш хувьцаа 1.400.000төг байсан. Нэгж хувьцаанд хамгийн өндөр ногдол ашиг хуваарилсан буюу 1ш хувьцаа 136.000төгрөг оногдож байсан” хэмээн танилцуулсан юм.
Энэ үеэр тус компанийн эдийн засагч Ч.Төрмандахаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Өнгөрсөн жилүүдэд танай компанийг бусад компаниудаасаа харьцангуй ашигтай ажилласан, ашиг хүртээж чадаж байна гэж гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Үнийн хувьд ч хамгийн хямд байна гэсэн?
-Уурхайн хувьд хамгийн бага зардлаар олборлоод, уурхайн аман дээрээс үнэтэй зарах бодлого баримтлаж байгаа учраас өнгөрөгч онд 3.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, Өмнөговь аймаг болон хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж чадсан байгаа. Уурхайн бодлогын хувьд менежментийн олон арга барил ашигладаг. Манай уурхайн хувьд гол бодлого бол уурхайн аман дээрээс бага өртөгөөр олборлоод өөр дээрээ олон төрлийн ачаалал авалгүйгээр, зардлаа өсгөлгүй борлуулж байгаа учраас тодорхой хэмжээний ногдол ашгийг тарааж, ашигтай ажилласан.
-Бусад хоёр компанийн тухайд яг энэ жишгээр ажиллаад иргэддээ хувьцааны ногдол ашгийг нь өгөх боломж байгаа болов уу?
-Иргэн хүний үүднээс үзвэл ийм боломж байгаа гэж харж байна. Яагаад гэвэл бидэнд 50 жил олборлоод ирсэн түүх бий. Үүнээс үндэслээд харвал эх орныхоо баялгийг зөв зохистой ашиглаад, зөв менежментээр явж чадах юм бол иргэн бүр 1072 хувьцаанаасаа ашиг хүртээд, эх орныхоо баялгаас хүртэх бүрэн боломжтой болох юм.
-Тавантолгойн нийт орд дээр гадны компаниуд хөрөнгө оруулагчаар орж ирээд консерциум байдлаар ажиллах тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ордын хэмжээнд яг одоогоор төрийн болон хувийн, 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчийн гэсэн ийм гурван уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн өмчийн уурхай дээр гадны хөрөнгө оруулагчаар компаниуд ороод зөв менежмент, зөв бодлогоор ажиллавал боломжтой гэж үзэж байгаа. Компанийн хувьд мэдээж өөрийн гэсэн бодлогоо тухайн үед нь гаргаад явна.
-Гурван компани үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд цаашдаа ямар бодлогоор зангидах ёстой вэ. Тухайлбал, гарч байгаа үнийн хувьд хүртэл өөр өөр байна?
-Улсаас нэг цонхны бодлого гэж яриад байгаа. Энэ бодлогоо зөв бариад явах юм бол боломж байгаа. Гурван уурхай маань тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа учраас өрсөлдөөн зайлшгүй үүсч байна. Тиймээс нэг нэгнийхээ үнийг унагах зэрэг сөрөг тал ч бий. Мөн нөгөөтэйгүүр төрөөс бодлогын хувьд дэмжиж, автозамын татварыг бууруулвал бидэнд боломж нээгдэнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ