Тэд дэндүү хариуцлагагүй
Хариуцлагагүй үйлдлийн эзнээс болж барилгын туслах хийж, амьдралаа залгуулахаар зүтгэж байсан 48 настай эмэгтэйн амь хохирлоо. Хөөсөнцөр зүсээд тэр доор сууж байсан түүнийг 10 давхрын өндөрт мэргэжлийн бус хүнээр бэхлүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй байсан өргөх шатны гуя төмөр мултарч, цохьчихож.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хэлснээр өргөх шатыг мэргэжлийн хүнээр сайтар бэхлүүлж, мэргэжлийн байгууллагаар магадлагаа хийлгэж шалгуулдаг ёстой аж. Гэтэл тус барилгын ажлыг гүйцэтгэгчид үүнийг мөрдөөгүйн улмаас осол гарч, хүний амь нас хохирчээ. Тэднийг дэндүү хариуцлагагүй хандсан гэдгийг мэргэжлийн хүн онцолж байсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 78 дугаар байрны баруун талд баригдаж буй барилгад дээрх осол гарч, БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм. Уг барилгыг иргэн М.Төмөр-Очир бариулж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн.
Энэ онд барилгын ажил эхэлснээс хойш хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс хүний амь нас эрсдэж, хүн гэмтсэн дөрвөн тохиолдол гарчээ. Тухайлбал, “Жигүүр гранд” компанийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бариулж буй барилгад лифтийн засварчнаар ажиллаж байсан иргэн лифтнээс доош унаж, хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгдсэн ч бэртлээ даалгүй нас барсан. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байсан.
Осол гарсны дараа барилгын компанийн зүгээс “Ажилд гарахын өмнө манай хөдөлмөр хамгааллын ажилтан зааварчилгаа өгч, өөрөөр нь гарын үсэг зуруулсан” гэсэн тайлбарыг хэлдэг. Товчилбол, “Тэр өөрийн буруугаас амь насаа алджээ” гэж байгаа мэт. Гэвч тус компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмын дагуу ажиллаагүй, ажилчдаа ажлын хувцас хэрэглэлээр бүрэн хангаагүй, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцуулснаас осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэж, эрүүл мэнддээ хохирол амссан нь цөөнгүй байдаг.
Биед амаргүй барилгын ажил хийж, амьдралаа залгуулахаар зүтгэж буй ажилчдын ард тэдний гэр бүл, үр хүүхэд нь бий. Амь нас нь хохирсон туслах ажилтан эмэгтэйг талх, сүү бариад ороод ирэхийг хэдэн хүн хүлээж суусныг бид мэдэхгүй.
Өнгөрсөн 2014 онд барилгын ослоор 21 хүн амиа алдаж, 29 хүн хүнд, 15 хүн хөнгөн гэмтэл авчээ. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд олон хүний амь нас, эрүүл мэнд, амьдралыг дааж байгаа гэдгээ ухамсарлаж, ажил үүрэгтээ хариуцлагатай хандацгаая.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ