Сүхбаатарчуудыг нэгтгэсэн “Иргэдийн баяр”

img

Сүхбаатар дүүргийн 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ түүхэн ойг угтсан “Иргэдийн баяр” Чингисийн талбайд болж байна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын хамтран зохион байгуулж буй “Иргэдийн баяр”-т тус дүүргийн төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, аж ахуйн нэгжүүд үйлчилгээгээ сонирхуулж байна. Тухайлбал Зэвсэгт хүчний 032 бидний нэрлэдгээр Хүндэт харуулын ангийн албан хаагчид сүрт жагсаалаа танилцуулав. Мөн тус дүүргийн цагдаагийн I, II хэлтсийн хамт олон бие хамгаалах урлаг болон сургуультай нохойн үзүүлбэрийг үзүүллээ. Үүнээс гадна үсчин гоо сайхны Vidal салоны Д.Одонгоо үс засалт, Сити дээд сургуулийн загвар зохион бүтээгчид шилдэг загваруудаа толилуулав.

 

“Иргэдийн баяр”-аар Сүхбаатар дүүрэгт 50 болон түүнээс жил амьдарсан настнуудад дүүргийн удирдлагууд дурсамж гардуулж, талархал илэрхийлж байв. Мөн дүүрэгтээ бүл нэмсэн бяцхан иргэддээ ч Төрсний гэрчилгээг нь гардуулж, Сүхбаатар дүүргийн иргэн болон мэндэлсэнийг нь батлах дурсамжийг хадгалуулав. Ийн Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэгчид, худалдаачид, үйлчилгээ эрхлэгчид, төрийн байгууллынхан нэгэн дор цугларсан “Иргэдийн баяр” үргэлжилж байна.

 

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр  сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг засаг захиргааны нэгж 4 район /дүүрэг/, 10 хороонд болгон зохион байгуулсны нэг нь өнөөгийн Сүхбаатар район /дүүрэг/ билээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ