“Экс” даргуудын ухаарал

img

гэрэл зургийг MPA.mn Бидний улираан сонгосоор ирсэн архаг парламентчид өнөөдөр хуулиар хуушуур шарж дээрээ хиншүү тавьж байна. Хиншүүнд нь нүд хорсоод ойлгох ч юм алга. Давхар дээлний хууль нэг саналаар унаж байсан. Тэр нэг саналын эзэн АТГ-ын дарамтанд кнопоо дарчихсан гэсэн утгатай мэдэгдлийг хээгүй хэлж байна. Хөшигний цаадахыг мэдэх Ерөнхий сайд байсан хүн ийм л мэдэгдлийг хийлээ. Энэ одоо үнэн юм бол Их хурал ёстой тармаар юм. Халдашгүй дархан эрх гэдэг нь архи уусан үед нь л үйлчилдэг болчихсон юм уу.

 

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-д өгөх хуулийн өөрчлөлтийг хийж байхдаа яагаад гэдгийг нь бидэнд ингэтлээ сайхан тайлбарлаж учирлаж байсан билүү. Иргэдэд ёстой падгүй мэт нэг л нартай өдөр хийчихсэн ажил. Одоо эрх ашгийг нь юунаас ч илүү хөндсөн бололтой, гишүүд энэ өөрчлөлтийг нэг талд гаргахаар морь уяа, зуны зугаа бүхнээ орхиод ордондоо цуглаж эхлээд байна гэнэ.

 

Н.Алтанхуяг гишүүний хувьд “Өдөр болгон дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй” гэж бачимдаж байгаа нь үнэн байх. Ийм нийгмийг бид ч хүсээгүй. 25 жилийн өмнөх улстөрчдийн амлалтаар бол бид эхлээд “бар” улс болж дараа нь Өмнөд Солонгос шиг болчих байсан. Н.Алтанхуяг гишүүний мэдэгдлийг задалж яривал их юм байна л даа.

 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал асан Шоовдорыг эхнэртэй нь мөн орлогч захирлыг нь эхнэртэй нь хамт баривчилж байхад зөвтгөх өмөөрөл байсан юм бол энэ хуулийн өөрчлөлтөө бариад босч болох л байсан. Тавлаж байгаа юм биш шүү. Та бүхнийг тааладаа нийцүүлж хуулиар яаж “хуушуурдаж” байгааг тань хэлж байна.

 

Намар болтол хүлээж болохгүй маний эрх ашигт хамаарах нэг хуулийг хамт бариад ингэж улайран зүтгүүлээч. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль АН-ын нэр хүндийг өсгөчих гээд байгаа тул МАН гацаачихаад байна гэж ойлгохоор. Энэ нууц биш. Цэцэрлэг ясли 60 тэрбумаар босох уу, 600 тэрбумаар босох уу гэдэг асуудал биш. Энэ хууль намраас хэрэгжвэл ирэх сонгуульд том оноо чирч ирэх нь асуудал болчихсон байгаа л гэж хардахаас өөр зөвтгөл алга.

 

АТГ-ыг тойрсон талцал бол бизнесийнхнийг хамгаалсандаа биш гэдэг нь тодорхой. “Том” хүмүүс хэрэгт шалгагдаад ирэхээр улс төрд дайн эхэлдгийг иргэд соргог мэдэрдэг болсон. Хуулинд өөрчлөлт оруулах гэдэг цаанаа юуг чимээлж болдгийг ч бүгд гадарлана. Бүхний нүдэн дээр нэг зүйл ил байна. Н.Алтанхуяг гишүүний охин хэрэгт татагдахын наагуур “мултарсан”. Иргэн Дэнзэн, мөн түүний зөвлөх шалгагдаж байна. Ойр тойрных нь нэг бус хүнийг хэрэгт татаад байгаа энэ үед хийж байгаа алхмыг нь хүний хувьд зөвтгөж болно. АТГ болоод хянан шалгах байгууллагуудад алдаа хэтрүүлэг байхыг үгүйсгэхгүй. Гол нь асуудлыг тавьж буй энэ цаг үе, нөхцөл байдал нь түүний үгийн үнэ цэнийг алдуулаад байгаа юм. Үнэхээр прокурорын дэргэдэх мөрдөх албатай холбоотой өөрчлөлт нь алсуураа хортой үр дагавартай байсан бол үүнийг зогсоох бүх боломж өөрийнх нь гарт байсан цаг үе бий. Алтан засгасны хүслээр болгох хүчтэй “Алтангадас” фракцийг Н.Алтанхуяг удирддаг.

 

Саяхан хийсэн мэдэгдлээс нь “АТГ зуугаад байгаа болохоор” хуулийн өөрчлөлтөөр энэ зуултаас гарах гэж оролдож байна гэсэн бэлэн хариулт урган гарч байна. Ийм зүйлийг ойлгоход тэгтлээ их сонин уншдаг, улс төрийн хов жив цуглуулдаг хоббитой байх хэрэгтэй гэж үү.

 

Улстөрчид ойр зуурын тэмцэлдээ ялагдаад ирэхээр ард түмэндээ ханддаг. Хамаг үнэнээ хэлж эхэлдэг. Хаяа хавирганаас нь хатгах дайснаа “гамгүй” зарлаж, юун дээр тохирсон, эс тохирсноо ил хэлж хуулийн цоорхойг засья гэдэг. Том намын экс дарга Н.Энхбаяр “чухам үнэн”-ийг зовлон үзсэний эцэст олон нийтэд дэлгэн хэлсэн. Энэ бүхний эцэс тэр түмэндээ өрөвдүүлж нам нь засаг бүрдүүлэхэд нөлөөлөх хэмжээний суудалтай болсон. Одоо ч олон нийтэд өрөвдүүлсэн хэвээр байгаа энэ хүн төлөөлсөн гишүүдээрээ дамжуулаад засгаар шатар нүүчих гээд сууж байна.

 

АН-ын экс дарга Н.Алтанхуяг ч ялгаагүй. Дотоод тэмцэлдээ ялагдсан юм уу даа гэмээр. Гэнэт ард түмэндээ хандаж хууль тогтоогч нарыг ч хянадаг дарангуйлал бий боллоо хэлж учирлах боллоо. “Экс” дарга нарын энэ мэт ухаарал, бусдыг буруутгах хэлхээнд хэн нь үнэн ярьсан бэ гэдэг нь хэзээ ч хариултгүй хэвээр үлддэг шүү. Харин эгэл ард түмэн хэзээ улстөрчдөд хэрэгтэй болдог вэ гэдгийг дахин харууллаа. Хүн ядрахын цагт төрлөө гэдэг бол улстөрчид дотоод тэмцэлдээ ялагдахын цагт ард түмэн минь гэж хошуу дэвсдэг болжээ.

 

Цагаан захтны хэрэг шударга шийдэгдэхийг бид харахгүй ч байсан яахав. Энэ улс орныг авч яваа төр дотроосоо өтсөн байгааг харах гэдэг хамгийн их гутрал цөхрөл болж байна. Норовын хүү Монголын төлөө юм хийсэн байж болно. Тэрнийхээ шагналыг өндөр дээд албан тушаалаар авсан. Манай улс төр ямар билээ. Үүнд хүрэх зам цагаан байхгүйг хэн ч мэднэ. Хариу нь ч ирж байх шиг байна. Аль нэг намын дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл, зөрчил байж болно. Үүнд хэлэх муу жишээ олон. Гэхдээ  хууль тогтоогчид хуулиар хөзөрдөж байгаагаас илүү муу жишээ хайх нь дэндүү доошоо орсон болно. 

 

Асуудал цагаан захтай хүн бүрийн бурууд биш, нэг хуулийн байгууллагын харьяалал өөрчлөгдсөндөө ч биш. Монголын улс төр асар бохирдсонд байгаа юм шүү дээ. Ийм бохир саванд живэхдээ “би цэвэр байсан” гэж гар гозгонуулахад бурхан ч татаж авахдаа эргэлзэж магадгүй.

 

Аль нэг нам нь гэнэт ухаарч өөрийн бохирдлоо тунгаан шүүхгүйг цаг хугацаа харуулж байна. Гэхдээ гутрах болоогүй л дээ. Бидний заяа их тул цаг эргэнээ гэж итгэл зангидаж, төрөө тулсаар байх монгол зоны мөн чанар улс орныг унагаачихгүй яваа юм шүү.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

..:
МАНАЙХААН НЭГ УРИАЛГА БАЙНА АА!!! ЦААШ НЬ ДАМЖУУЛНА УУ. МАНАЙ НИЙГЭМ ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ЗОДОЖ НҮДСЭН, ХАРААЖ ЗҮХСЭН ЦААШЛААД АЛЖ ХЯДСАН БУЗРЫН ХЭРГҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ХҮҮХДИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ГАЗАР БОЛГОНЫГ ШУНАХАЙ СЭТГЭЛТНҮҮД ДЭЭРЭМДЭЖ ДУУСЛАА, ХҮҮХДЭЭ ЧИРСЭН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ТООЛОХЫН АРГАГҮЙ ИХ БОЛСОН. ЭНЭ БҮХЭН НЭГ Л ЗҮЙЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ БАЙНА. БИД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГГҮЙ, ДЭРГЭДЭХЭЭ НОХОЙНООС ДОЛООН ДОР ҮЗДЭГ ХҮНИЙ ОРОМЦОГ НАРЫГ УЛС ТӨРД ГАРГАСААР ИРЖЭЭ. ДАРААЧИЙН СОНГУУЛЬД ХАНЬ ИЖЛЭЭ ХАЯЖ ЯВААГҮЙ, ҮР ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭГҮЙ. ЭХНЭР, НӨХӨР, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ СУРСАН ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ҮР ХҮҮХЭД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ХАЙРЛААГҮЙ ХҮН ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАХ УУ. БИД ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ, ХУДЛАА ЦАРАЙТАЙ, ХУЛГАЙЧ НАРЫГ ТӨРД ГАРГАСААР БАЙГААД ХАШИРЛАА ОДОО ГЭР БҮЛДЭЭ ҮНЭНЧ, ХАРИУЦЛАГАТАЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ҮҮНИЙГ ГЭР БҮЛИЙНХ НЬ АМЬДРАЛАА ШИНЖЬЕ. ГЭР БҮЛЭЭ АВЧ ЯВЖ ЧАДДАГ, ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРААР ДУТААГААГҮЙ ХҮН УЛ
2015-06-22
зочинф:
МАНАН зайлааа манай гаригаас
2015-06-22
kub:
darguud gej yuu ve, darga naryg khelev uu, khelee zajilj yaridag setguulch nertnuudiig boliulmaar yum uu
2015-06-22
Зочин:
ATG bol undsen huuliin bus baiguullaga. Tatan buulgah ni zuv.
2015-06-22
Үнэн үг:
Монголын нийгэм ялзраад бохирдчихсон түүний эх үүсвэр нь улс төржсөн бүлэглэл юм. Дээдсүүдийн тарьсан үйлийн үр нь энэ юм. Одоо бүр хууль шудрага ёсны төлөө тэмцэж яваа хэдийгээ ч ялгаж чадахаа байтал Монголчууд толгой нь эргэжээ. Үмхий самхай чинь тэр дээрээс үнэртээд байгаа байхгүй юу
2015-06-22
Зочин:
Төөрөлдсөн хүү гэж өөртөө яг оносон нэр өгсөн бна шүү.
2015-06-22
Зочин:
АТГ хэн шалгах вэ
2015-06-22
төөрөлдсөн хүү:
хөөе баярхүү гуай наадуулыг чинь бурхан татаад л авчихна.бурханыг бас авилгал авдаг болгочихсон юм шиг байна лээ.
2015-06-22
Зочин:
атг гэж элбэгдоржийгоо л хэлээд байгаа шүү ухаантай юм уу даа
2015-06-22
АТГ-хэлмэгдүүлэлт явуулж байгаа нь үнэн:
АТГ-хэлмэгдүүлэлт явуулж байгааг үгүйсгэхгүй. Үүнийг хараагүй, мэдрээгүй хүмүүс бол АТГ-ын ажилтнууд эсвэл ертөнцөөс тасарсан хүмүүс л байх. Алтанхуяг гишүүний хэлсэнээр Лицензийг нь булааг, ажлыг нь хууль бусаар авах, албан тушаалаас нь унагах эсвэл ерөөсөө мөнгө шантаажлахын тулд Авилгалтай тэмцэнэ гэсэн сайхан лоозон нэрийн дор энэ АТГ-хэлмэгдүүлэлт явуулж байгаа нь үнэн шүү дээ. УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхэд нөлөөлж, бусад УИХ -ын гишүүд, ерөнхийлөгч, нар хүсэлтийг нь хүлээн авахгүй бол хэрхэн дарамтлахаа тодорхой тавьсан энэ газрыг татан буулгавал зохистой. Угийн нэг чиглэлийн ижил төрлийг ажлыг хоёр хууль хүчний байгууллага хийж буй гор гарч байна. Мөрдөх албыг нь УМБГ-т шилжүүлж АТГ-аар зөвхөн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах хэрэгтэй тэгэхгүй бол АТГ-ын байцаагч нар хамгийн том авилгачин, дарамтлагч, хэлмэгдүүлэгч нар болж буйг үгүйсгэх аргагүй.
2015-06-22