Иргэд шүүхээр асуудлаа шийдүүлнэ

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс хуралджээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Бие даагчид энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулиудын төсөл, мөн цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Ноён уулыг ашиглах санаархлыг УИХ хоёр дахь удаагаа буцаалаа. Ноён уултай холбогдуулж 17 мянган иргэний гарын үсэг бүхий өргөдөл УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэн. Урьд өмнө нь нэг асуудлаар ийм олон хүний гарын үсэгтэй өргөдөл ирж байгаагүй. Энэ нь монголчууд Ноён уултай ямар нэг сэжмээр холбоотойг харууллаа гэв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дубайн гэрээг хийснээр улс орон хөгжинө гэсэн гэтэл өнөөдөр 1 тэрбум ам.долларын зээл авах тухай ярьж байна. Улс төрийн хүчнүүд засагт нэгдэхээрээ ямар нэг өр зээл хийлгүйгээр улс орноо авч явна гэдэг ч байдал хэлсэн ярьсан шигээ биш байдгийн жишээ энэ боллоо” хэмээв. УИХ-аар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төсөлд засах шаардлагатай заалтууд туссан тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн онцоллоо. Тухайлбал, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар Чингисийн талбайд болсон цуглаан дээр очоод хашгирсан иргэн 12-20 жилийн хорих ял авч болзошгүй гэнэ. Энэ нь төрийн эрх мэдэлд янз бүрийн аргаар хүрсэн хойноо түүнийгээ хамгаалахын тулд эргээд иргэдэд илүү халтай заалт нэмж шинээр тусгасан байгаа тул үүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд газрыг барьцаалж, гэрээний нөхцөлийг хангаагүй тохиолдолд үл маргах журмаар хураан авна гэсэн заалт орсон. Иргэн хүн 3 шатны шүүхээр орж асуудлаа шийдүүлдэг эрхтэй байх ёстой” гэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ