МАН зөвхөн албан тушаалын хуваарилалтыг биелүүлсэн

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ. Мөн Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Бусад гэсэн асуудлын хүрээнд Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа, мөн гишүүдийн ирц бүрэн биш учраас хойшлуулжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ үеэрээ хойд хөрштэй хийн хоолой, төмөр зам авто замын талаар хамтран ажиллах боломж, дэмжлэг байгаа эсэх талаар санал солилцсон байна. ОХУ-ын талаас дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ ОХУ-ын талаас “Эрдэнэт” компанийн Оросын талын хувь нийлүүлэгч болох “Орос технологи” компанийн талаар шийдвэр гаргаж өгөх хүсэлт тавьсаныг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд бүлэгт мэдээлсэн байна.
Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол Улсаас ОХУ-д гаргах мах, махан бүтээгдэхийн талаар ярилцсан төдийгүй, визний асуудал, хил гааль дээр гарч байгаа хүндрэлийг зохицуулах талаар ярилцаж, арга хэмжээ авахуулах шийдэлд хүрсэн байна.
Түүнчлэн “Орос атом” компанийн удирдлагуудтай Арбитрын шүүхийн асуудлаар ярилцжээ.
УИХ-аар Өмч хувьчлалын асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тодорхой заалтууд дээр санал нэгдэхгүй байсныг ярьж байгаад нийгмийн салбар буюу эмнэлэг, сургуулийн менежмэнтийн хувьчлалын асуудлыг тогтоолоос хасах нь зүйтэй юм аа гэсэн шийдэлд хүрч, бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн байна.
АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-МАН-тай хамтарсан гэрээний талаар гишүүд ямар санал гаргасан бэ?
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:
- Намын дарга байхгүй учраас байлцуулъя, энэ асуудлыг зайлшгүй ярих цаг болжээ гэж дийлэнх нь үзэж байна. МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелүүлсэн. Үүнийг дүгнэж үзсэн. Бусад асуудлууд дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн.
-Гэрээгээ цуцалж магадгүй гэсэн үг үү?
-Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Ер судалгаан дээр үндэслэж ажиллах ёстой. АН-ын зүгээс “МАН, АН хамтрах нь зөв үү” гэсэн санал асуулга явуулсан. Энэхүү судалгаанд оролцсон 1000 хүний 63 хувь нь хамтрах нь буруу гэж үзсэн байна. Түүнчлэн манай намын орон нутгийн байгууллагууд хамтран Засгийн газар байгуулсанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хамгийн гол нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран 73 гишүүний бүрэлдэхүүнтэй том бүлэг байгуулсан. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг унагаж байгаа.
-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед “Зөвшилцлийн гэрээ”-г эргэж харна гэх мэтээр Засгийн газрыг тогтворгүй байдалд оруулж байгаа юм биш үү?
-Эдийн засаг хүндрэлтэй байгаа гэдгийг бүгд мэднэ. Эдийн засгийг сайжруулах зорилгын хүрээнд эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэх уриатай Засгийн газрыг бүрдүүлсэн. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар эдийн засгийг огт сайжруулаагүй байна. Хамгийн наад зах нь МАН “Бид хамтдаа” аян өрнүүлж байгаа. Энэ аяныг өрнүүлэх багт хамтарсан Засгийн газрын гишүүд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар. УИХ-ын гишүүд өөрсдөө тойрогтоо ажиллаж болно.
МАН том учраас Засгийн газарт голлох нөлөө үзүүлж байгаа. Засгийн газрын гол яамдыг удирдаж байгаа. Бид хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж боддог. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна гэх мэдээлэл хийсэн. МАН-ын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурийг харахад Засгийн газрын үйл ажиллагаанд саад болох асуудал ярьж байна. Бид бол МАН-ын бүлгийг Засгийн газраас гаргах асуудал яриагүй. Гэрээний биелэлтийг л дүгнэх юм. Одоогоор бол гэрээний хэрэгжилт 50 хувьтай байна. Үүний дийлэнхийг албан тушаалын хуваарилалт эзэлж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ