С.Одонтуяа: Дэвшилтэт зүйлээс ухрах хэрэггүй
Хүүхэд харах үйлчилгээний хуулийг өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. МАН-ын завсарлага өнөдөр дууссанаар тус асуудлыг хэлэлцэж буй юм. Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн хэрэгцээ шаардлага болон Төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой хэр уялдуулсан юм бэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Энэ хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, Засгийн газраас санал авсан. Засгийн газар хуулийн төслийг дэмжиж санал өгсөн. Олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэгт бүх хүүхдийг хамруулах хөрөнгө мөнгө байхгүй. Ийм мөнгөтэй болох дүрх төрх ч харагдахгүй байгаа. Гэртээ үлдэж байгаа хүүхдүүдэд ямар нэгэн хэлбэрээр сургалт, үйлчилгээг зохион байгуулах шаардлага байгаа. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдэд улсаас зардал гаргаж байгаа бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг эцэг эх нь харах болдог учраас ажил хийх боломжгүй болдог. Мөн улсаас очдог зардал бас очихгүй. Эдээр нь тэгш бус байдлыг бий болгож байгаа. Тиймээс илүү сургалтад ойртсон, аюулгүй орчныг бүрдүүлэх стандартыг тавихаар төсөлд тусгасан. Цэцэрлэг барих мөнгө хөрөнгө нь байвал ийм хуулийн төсөл боловсруулах ямар ч шаардлага байхгүй.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл: Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулья гэхээр одоогийн нөхцөл байдалд мөнгө хөрөнгө хүрэхгүй байгааг салбарын сайд хэлж байна. Хүүхэд гэдэг насыг богинохон хугацаанд туулаад өнгөрнө.Тэр хооронд хэрэгцээ нь хангагдаж чадахгүй байгаа юм. Хөгжилтэй, баян орон ч хүүхэд бүрийг цэцэрлэгээр хангаж чадахгүй байгаа нь нотлогдож байгаа. Жишээ нь: Их британид хүүхдийнхээ 80 хувийг хүүхэд харах үйлчилгээгээр өсгөж байгаа бол Канад 40 хувь, Америкт хот газраа 60 орчим хувь, хөдөө газарт 30 орчим хувийг хүүхэд харах үйлчилгээгээр өсгөж байна. Иймээс бид хүүхэд харах үйлчилгээг илүү эрт бий болгох тусам хүүхдийнхээ аюулгүй байдлыг илүү эрт хамгаалж чадах юм.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад зарцуулагдах 66 тэрбум төгрөгийн ихэнх хэсэг нь хувийн хэвшлээс гарна гэдэг асуудлыг анхнаас нь тооцож байсан. Эдийн засаг хүнд байна гэж сууж байснаас хуулиа гаргаж, хэрэгжилтийн явцад эдийн засгийн гаргалгаа хийгээд явах нь зүйтэй. Эхлээд мөнгө төгрөгийг нь шийдэж байж асуудлыг шийднэ гэдгээ хойш тавьж хувийн хэвшил, гадна дотны хөрөнгө оруулалтаар шийдээд явна гэж байгааг дэмжиж байгаа.
УИХ-ын С.Одонтуяа: 60 тэрбумын асуудал бол Монгол Улсад байгаа бүх хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулсан тохиолдолд гарах тооцоо. Харин бид бүх хүүхдийг хамруулна гэж зориогүй. Яагаад гэвэл тийм боломж, эдийн засгийн чадамж байхгүй. Хоёрдугаарт, хавтгайруулахгүй, сонгон шалгаруулна, тодорхой стандартыг өндөр тавьж өгнө. Хамгийн сэтгэл зовоосон асуудал бол тавхан жилийн дараа сургууль, цэцэрлэг, дотуур байрны 1700 обьект хэрэгтэй болно. Иймд сургууль барихад энэ төсвөө өгнө гэвэл цэцэрлэг цаашид баригдахгүй болчих гээд байгаа юм. Ингэснээр цэцэрлэгт явж чадахгүй олон хүүхдийн эрх нь зөрчигдөх юм. Эхний ээлжинд эдийн засгийн чадавхдаа тулгуурлаад 5 тэрбум төгрөгөөр хуулиа хэрэгжүүлээд эхэлье гэж байгаа. Бид дэвшилтэт зүйлээс ухрах хэрэггүй. Бид нар энэ мөнгийг авах гээд байгаа юм биш. Монголын хүүхдүүд гэртээ үлдсэнээр асар их эрсдэл үүсч байгааг бид харж байна.
Тус хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ