Үерийн аюулаас болгоомжил

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2015 оны зургаадугаар сард зарим үед орох хур тунадасны хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж гол ус үерлэх, уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.
Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтэйн нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 20-40 см их, бусад гол, мөрний усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа аж.
Хэдийгээр ихэнх гол, мөрний усны дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй боловч зургаадугаар сард зарим үед орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж үерлэх, уулын ам, бэл, хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер бууж болзошгүйг анхаарууллаа.
Иймд гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ