Хандиваар цугларсан 30 сая төгрөгийг Балба руу илгээнэ

Зүүн азийн орнуудын Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын ээлжит уулзалт энэ сарын 23-25-ны хооронд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэйгээр жил бүр бүсийн аль нэг оронд зохион байгуулагддаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн уулзалт Бээжин хотод болсон юм.
Зүүн азийн бүс нутагт Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ болон Монгол Улсын загалмай нийгэмлэгүүд багтдаг. Энэ онд Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн зарчим батлагдсаны 50 жилийн ой тохиож байна. Зүүн азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчид Хөдөлгөөний долоон зарчим батлагдсаны хүрээнд нэгдсэн тунхаглал гаргасан нь энэ удаагийн удирдагчдын уулзалтын онцлог байжээ.
Уулзалтад, БНСУ-ын үндэсний нийгэмлэгүүдийн Ерөнхийлөгчид, Япон, БНХАУ, БНАСАУ-ын үндэсний нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгчид оролцож байна. Мөн Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн дарга, зүүн бүсийн дарга болон төлөөлөгчид, Олон улсын Улаан загалмай хорооны Зүүн бүсийн төвийн дарга, төлөөлөгчид тус тус оролцож байгаа ажээ.
Энэ удаагийн уулзалт "Олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд бүс нутгийн хамтын ажиллагаа, инновацийг сайжруулах" гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд бүс нутгийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгааг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдэв.
Мөн тэрбээр "Сүүлийн хэдэн жилийн хугацаанд сайн дурын ажилд хувь нэмэр оруулах явдал 40 хувиар нэмэгдсэн. Энэ нь бидний ажилд нэлээд хувь нэмэртэй юм. Тухайлбал, өнгөрсөн сард Балба улсад байгалийн гамшиг болсон. Иймд манай байгууллагаас тус улсын ард түмэнд туслах хандивын аян явуулсан. Одоогийн байдлаар 30 орчим сая төгрөг Хаанбанкны дансанд цугларсан байна. Хандивын аян маань энэ сарын 30-нд албан ёсоор хааж, энэ мөнгийг Балба улсын ард иргэд рүү илгээх болно" хэмээн хэлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд "Өнгөрсөн жил Бээжин хотноо болсон Ази номхон далайн орнуудын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн бага хурлаас баталсан “Иновацийнтөлөө” уриалгыг МУЗН дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө Үндэсний нийгэмлэг бүр хүчин чармайлт гаргаж, арга туршлагаа хуваалцахад бэлэн гэдэгт итгэж байна. Төр, Улаан загалмайн түншлэл хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний хүмүүнлэгийн тусламжийн байгууллага байхаар статусыг өөрчлөхийн тухай МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа дуулгав.
Дашрамд дуулгахад, энэ удаагийн уулзалтаар үндэсний нийгэмлэгүүд тодорхой зарчимд тулгуурлан амлалт авсан байна. Амлатын гол агуулга нь зарчимч, шинэлэг, алсын хараатай санхүүгийн хувьд тогтвортой, даван туулах чадвартай Үндэсний нийгэмлэг бий болгохын тулд Зүүн-Азийн түншлэлийн замаар хамтран ажиллахаа амлажээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ