Монголдоо тэтгэлгээр сурах боломжтой

Монгол залуус гадаадад төрөл бүрийн тэтгэлгээр суралцдаг. Тухайлбал, Мабучи олон улсын тэтгэлгийн сан (Mabuchi International Scolarship Fondation-MISF) нь 2005 онд үүсэн байгуулагдсан. Азийн орнуудаас Японд суралцаж буй оюутнуудаас шалгаруулж, жил бүр 100 гаруй оюутанд шинээр тэтгэлэг олгодог байна. Тэтгэлэгт сургалтын төлбөрөөс гадна Японд амьдрах зардлыг бүрэн олгодог буцалтгүй тэтгэлэг юм. Харин манайд тэтгэлгээр суралцах боломж хомс байдаг. Ихэнх тохиолдолд хүүхэд, залуусын суралцах эрх нь эцэг эхийн санхүүгийн байдалтай холбоотой байна. Тиймээс Японд сургууль төгссөн залуус тэтгэлгийн сан байгуулжээ.
Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг эх орондоо суралцаж буй залууст олгох боломжийг “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбооноос олгож байгаа аж. Энэ нь эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр гэнэ. Нэг хичээлийн жилд нэг оюутанд 1500 ам.долларын тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Тухайн оюутан сургуулиа төгссөнөөс хойш хоёр дахь жилээсээ эхлэн жил бүр 1500 ам.доллараа хүүгүйгээр эргүүлэн төлөх үүрэг хүлээх аж. Ер нь тэтгэлгийн зээлийг тэтгэлэг олгож эхэлснээс хойш есөн жилийн хугацаанд багтаан эргүүлэн төлөх юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ