Хэт халууны улмаас 800 хүн амиа алдлаа

Пакистаны төвийн нутгуудад үргэлжилж буй хэт халууны улмаас ганцхан өдрийн дотор 114 хүн амиа алдаж, нийт амиа алдагсдын тоо 800-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг “www.dailymail.co.uk” уламжлав. Төвийн нутгуудаар +47 хэмийн халуунтай байгаа бөгөөд ирэх сарыг хүртэл хур тунадас орохгүй хэмээн АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Нийслэл Карачи хотод 741 хүн амиа алдсан байна.
Судалгаагаар амиа алдагсдын ихэнх нь бага орлоготой иргэд бөгөөд тэд ундны ус худалдан авч чадахгүйгээс болж амиа алдсан хэмээн “AFP” агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагт Карачи хотын иргэн Муззафар Хан гэгч “Үнэнийг хэлэхэд, ойрын өдрүүдэд үргэлжилж буй халуун бага орлоготой хүмүүсийн тэсвэр тэвчээрийг шалгаж байна. Дэлгүүр, худалдааны төвүүд хүйтэн ус, зайрмаг, мөс зэргийг хэтэрхий өндөр үнээр зарж, ядуучуудад дарамт учруулж байна. Ихэнх хүмүүс голын уснаас ууж байгаа. Засгийн газар иргэдээ хамгаалахын тулд юу ч хийхгүй байна” гэж ярьжээ.
Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф өчигдөр Карачи хотноо онц байдал зарласан билээ. Онц байдлын хүрээнд ихэнх сургууль, цэцэрлэг, их сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоож, хотын иргэдийг аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахыг хориглож, гар дээрх худалдан авалтыг зогсоосон байна. НҮБ, Пакистанд цэвэр ус хүргэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ