“Цахим эрин дэх хэвлэл мэдээлэл ба гадаад бодлого” сэдвээр хуралджээ

ХБНГУ-ын Бонн хотноо энэ сарын 22-24-нд болсон “Цахим эрин дэх хэвлэл мэдээлэл ба гадаад бодлого” сэдэвт олон улсын хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцсон байна.
Германы “Дойче Велле” агентлагаас зохион байгуулсан энэхүү хуралдааны үеэр “Гадаад бодлого болон олон улсын хурцадмал асуудлын тухай мэдээлэх нь”, “Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан шинэ дипломат ажиллагаа руу”, “Эрдэс баялагын төлөөх дайн, гадаад бодлого болон аюулгүй байдалд үзүүлэх нөлөө” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгүүд болжээ.
Газрын тос, газрын хий, газрын ховор элемент зэрэг байгалийн баялагын хэрэгцээ шаардлага нэмэгдсэн хэдий ч нөөц хомсдсон өнөө үед байгалийн баялагын төлөөх тэмцэл, өрсөлдөөн нь Төв Ази, Африк, Латин Америкийн улсорнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тухай асуудлыг хөндсөн “Эрдэс баялагын төлөөх дайн, гадаад бодлого болон аюулгүй байдалд үзүүлэх нөлөө” сэдэвт хэлэлцүүлэгт Л.Пүрэвсүрэн сайд илтгэгчээр оролцлоо.
Тэрбээр энэ үеэр байгалийн баялагтай улс орнуудын хувьд төр засгийн зүгээс сайн засаглалыг бий болгох, эрдэс баялагын салбарын эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын сонирхол, шаардлагыг мэдрэх хэрэгтэй.
Мөн ард иргэдийнхээ хүсэл сонирхлыг харгалзах, улмаар тогтвортой хамтын ажиллагааны гэрээ байгуулах, эрдэс баялагын салбараас олсон ашигийг зөв зарцуулах зэрэг арга хэмжээг нэн тэргүүнд авах нь зүйтэй. Хүн амын боловсролд хөрөнгө оруулалт хийх, салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай.
Монгол Улсын хувьд ардчилсан шинэчлэлийг сонгосноос хойшхи 25 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, алдаа,онооноосоо өөрсдийн адил хөгжиж буй орнуудтай хуваалцах хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Энэ хүрээнд зарим орны төрийн албан хаагчид, сэтгүүлчдийг сургалтанд хамруулах зэрэг ажлыг хийж эхлээд байгааг дурьджээ.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, мөн судалгааны байгууллагын төлөөлөгчид илтгэгчээр оролцон, байгалийн баялаг дээр үндэслэсэн зөрчилдөөн нь тус нутгийн иргэдийн амьдрах орчныг тогтворгүйжүүлж, өлсгөлөн, ядуурлыг бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартайг тэмдэглэн, үүнийг зохицуулах боломжийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ