“KFC” хархны мах заржээ

Түргэн хоолны сүлжээ “KFC”-ийг тойрсон асуудал олон улсын анхаарлын төвд байна. АНУ-ын Калифорни мужийн Комптон хотноо байрлах “KFC”-ээр 23 настай Деворис Диксон гэгч үйлчлүүлж, шарсан тахиа захиалсан байна. Залуу захиалгаа хүлээн авах үедээ гайхшралд оржээ. Учир нь түүний захиалсан шарсан тахиа, яг л хархны мах шиг харагдаж байсан гэнэ. Тэрбээр тахианы мах хэмээх зургийг өөрийн твиттер хуудастаа байршуулж “Тахиа хэзээ сүүлтэй болчих воо. Энэ мах яг л харх шиг харагдаад байх юм аа” гэж жиргэжээ.
Диксон “KFC”-ийн ажилчидтай уулзаж, учрыг тайлбарласан байна. Сонирхолтой нь ажилчид залуугийн захиалсан тахианы махыг хархны мах хэмээн хүлээн зөвшөөрсөн гэнэ. Энэхүү мэдээллийг Диксон баталж байгаа юм.
Хархны мах худалдаалсан гэгдээд буй “KFC” компаниас хэвлэлийнхэнд тайлбар хийжээ. “Олон улсын мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй хархны мах борлуулсан гэх дуулианыг үгүйсгэж байна. Учир нь Деворис Диксон гэгч манай компанийн нэр хүндэд халдсан. Түүний нэрлэсэн хархны махыг Калифорнийн төв лабораторид шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариугаар хархны мах хэмээн нэрлэсэн тахианы мах зүгээр л тахианы мах болохыг тогтоосон. Тиймээс манай компанийн нэр хүндэд халдсан Деворис Диксон худал мэдээллийнхээ хариуцлагыг хүлээж, олон нийтээс уучлалт гуйх учиртай” гэж “KFC” компанийн зүгээс мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ