Засагтайгаа тэрсэлдсэн парламент

Хаврын чуулганыг хугацаа сунган хуралдуулахаар УИХ-ын дарга захирамжилжээ. Хугацаа сунгах нь ч нэгэнтээ тодорхой болоод байсан билээ. Хэлэлцэгдэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдийг эцэслээгүй байхад хаврын чуулганы хуулийн хугацаа дуусгавар болох гээд байсан.
Хаврын чуулган эдийн засагт, иргэдэд хэр ээлтэй байв гэдгийг дүгнэхэд эртдэхгүй биз. Ер нь хаврын чуулганы үргэлжилсэн 90 хоногийг парламент гүйцэтгэх засаглалтайгаа тэрсэлдэж үдлээ.
“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын төслийн гэрээнд гарын үсэг зурж, эдийн засгаа үтэр түргэн хугацаанд суга дээшлүүлэхээ Ерөнхий сайд хаврын чуулган нээхийн өмнөх өдөр мэдэгдсэн. Харамсалтай нь шийдлийн Засгийн газрын тэргүүний төлөвлөгөөг хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд парламентаар хэлэлцүүлэхийг мэдэгдэн, замаас нь шүүрэн авч, хав дарсаар, парламентаар ч хэлэлцүүлэлгүй буцаасан билээ.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэгдэх Л.Эрдэнэчимэг гишүүнээр парламентын цөөнхийн төлөөлөл л “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хянан дүгнэлт гаргахаар бүрэн эхээр нь уншиж танилцсан байх. Гэхдээ энэ төслийн талаар ажлын хэсэг ахлагч Л.Эрдэнэчимэг, дэд ажлын хэсгийн ахлагч А.Гансүх хоёр л байр сууриа илэрхийлж дуугарснаас бус бусад 75 парламентч “амаа үдүүлсэн” мэт байлаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарын байр суурийг парламентынх гэж бүхэлд нь хамааруулж тэнэгрэх хүн өнөөдөр байхгүй. Харин УИХ-ын даргын байр суурийг дамжуулж байна гэж олон нийт дээрх хоёр эрхмийн эргэж буцсан үг, үйлдлээр нь шууд хэлж байна лээ. “Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй” гэдэг олны үгийг хэн үгүйсгэх билээ.
“Тавантолгой”-н төслийг парламентаар 14 хоногийн хугацаанд хэлэлцэн шуурхай хэлэлцэн шийдвэрлэх өгөх Ерөнхий сайдын хүсэлт агаарт замхарч, өргөн баригдсан ч парламентаар хэлэлцэгдэхгүй гацаж, ямар нэг шийдвэрт хүрэх хэрэгтэй гэсэн Ерөнхийлөгчийн байр суурь хүчин мөхөсдөж, хянан дүгнэлт гаргах ажлын хэсэг дүгнэлтээ гаргахгүй сар гаруй хугацаанд цаг хожсон, эцэстээ Засгийн газар төслөө буцаан татахад хүрсэн энэ бүх “улстөрийн нүүдэл” зөвхөн спикерийнх байлаа.
“Тавантолгой”-гоо парламентаар гацаалгасан шийдлийн Засгийн газрын тэргүүн “Оюутолгой”-н бүтээн байгуулалт, санхүүжилтийг үргэлжлүүлэх төлөвлөгөөг АБНЭУ-д хийсэн айлчлалын үеэрээ гарын үсэг зуруулсан. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн уулзалтдаа "Оюутолгойн төлөвлөгөөнд эхлээд парламентдаа мэдээлчихээд гарын үсэг зураагүй нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн алдаа" гэж байна лээ. Магадгүй, эхлээд парламентад мэдээлчихвэл бас гацчих байх хэмээн Ерөнхий сайд хаширласан байх. Тиймээс "Оюутолгойн төлөвлөгөөг парламентад мэдээлээгүй гарын үсэг зурсан нь Ерөнхий сайдын алдаа гэж дүгнэхэд мөн л өрөөсгөл.
Харин энэ бүхэн хаврын чуулганы үеэр гишүүдийн улстөржилтийг идэвхжүүллээ. “Тавантолгой”-н төсөл парламентаар хэлэлцэгдээгүй байхад “Оюутолгой”-н гэрээнд Дубайд гарын үсэг зурсан нь Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэл болж, хэсэг гишүүд гарын үсэг цуглуулах аян өрүүлсэн. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувийг төлөөлдөг. Тиймээс ч Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барихад 4/1 буюу 19 гишүүн гарын үсэг зурснаар хүчинтэй болдог. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналд гарын үсгийн тоо гүйцээгүй учир ийнхүү өнөөдрийг хүртэл санаачлагач гишүүд бусддаа лобби хийсэн ч дэмжлэг авч чадаагүй явна.
Саяхан Гацууртын ордод төрийн эзэмших хувийг тогтоох Засгийн газрын өргөн барьсан төсөл басхүү уналаа. Энэ төслийг дэмжсэнээр эдийн засаг ирэх жилүүдэд валютын урсгал нэмэгдэж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлснээр орон нутагт хөгжиж дэвжихээр байв.
Ийнхүү эдийн засгийн хүндрэлийг эергээр сэргээхээр Засгийн газраас төлөвлөсөн стратегийн ач холбогдолтой хоёр ч төсөл УИХ-д өргөн баригдаад буцлаа. “Тавантолгой”-н төслийн шинэ хувилбарыг Засгийн газар удахгүй өргөн барина гэж байгаа ч парламентаар баталгаажин шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байна. Тэр дундаа хаврын чуулган хугацаа сунган хуралдах энэ үед өргөн баригдаж шийдвэрлэгдэнэ гэдэг ҮБАЗ-ийн гишүүдийн шийдвэр, тэр дундаа улс төрийн тохирооноос л хамаарах зүйл, "Тавантолгой". Түүнээс бус олон нийт тэнгэртээ залбирч газарт сөгдсөнөөр шийдвэрлэгдэх асуудал биш билээ.
Хаврын чуулган наадам хүртэл хуралдахаар хугацаа сунгасан ч ирэх намрын хүртэл эдийн засагт ээлтэй шийдвэр гаргаад завсарлана гэж итгэхэд бэрх л байна.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ