Сүхбаатарын хөшөөг Чингисээр солихгүй

Буриадын алдарт уран барималч Даши Намдаковын бүтээсэн Их Британийн нийслэл Лондон дахь Эзэн Чингис хааны хөшөөг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 2 сая орчим ам.доллараар худалдан авч Монголдоо авчирчээ. Түүхийн үнэт дурсгал болох тус баримлыг гаалийн НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар хэлэлцэж гишүүдийн олонх нь дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.
Харин хөшөөг хаана байруулах асуудал сүүлийн олон нийтийн дунд маргаан дэгдээгээд байгаа. Сүүлийн үед Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлж, Чингисийн хөшөөг талбай дээр байрлуулна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос тодруулахад:
-Би өмнө нь ч тодорхой хэлсэн. Шинэ хөшөөг Чингисийн талбайд байрлуулахгүй. Чингисийн талбайд байршуулах тухай би огт яриагүй. Чингис хааны хоёр өөр хөшөөг нэг дор байрлуулах нь зохимжгүй. Нэг талбай дээр юу гэж Чингисийн хоёр хөшөө байрлуулах юм. Ямар сонирхлоор ингэж гуйвуулж мэдээ цацаад байгааг ойлгохгүй байна.
-Тэгвэл энэ хөшөөг хаана байруулах вэ?
- Бидний зүгээс Англиас авчирсан Чингис хааны хөшөөг Улаанбаатар хотынхоо хамгийн их хүн цугладаг, очдог газарт байрлуулж нийслэлийн сайхан газруудын нэг болгож хөгжүүлнэ гэдэг судалгааг хийж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнт хүрээлэнд байрлуулвал ямар вэ гэсэн хувилбар ярьж байгаа.
Харамсалтай нь, маш ойлгомжтой тайлбарлаж хэлээд байхад зориудаар мушгин гуйвуулж, Монголын төрийн түүхэнд гавьяа байгуулсан хүмүүсийг алдаршуулдаг, хүндэтгэдэг зүйл дээр зөрчил үүсгэх ямар хэрэгтэй юм бэ. Ингэх шаардлагагүй шүү дээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ