Охидыг суллахыг шаардав

Нигерийн Борно мужийн Чибок тосгонд байрлах охидын сургуулийн дотуур байрнаас хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 12-18 насны 276 охиныг хулгайлсан билээ. Сураггүй байгаа охидын байршлыг өнөөдрийг хүртэл олоогүй байгаа бөгөөд тус бүлэглэл охидыг исламын шашны дагуу гэрлүүлж, хил давуулсан хэмээн мэдэгдсэн юм. Жил орчим сураггүй байгаа охидыг олж, хэт даврагчдын гараас чөлөөлөхийг хүний эрхийн “Эмнести интернэйшнл” байгууллага Нигерийн удирдлагуудаас шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тус байгууллага шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммеду Бухаригаас охидыг аврахыг хүсчээ. Хулгайлагдсан охидын 56 нь амжилттай зугтааж, гэртээ харьсан юм. Одоогоор 219 охин сураггүй байна. Хэт даврагчдын хуарангаас зугтаасан 17 настай Михар гэх охин “ВВС” агентлагт “Биднийг дотуур байрнаас хулгайлсан өдөр хэт даврагчид царайлаг, туранхай охидыг ялгаж, өөр өнгийн хувцас өмсүүлсэн. Уйлж, гэртээ харихыг хүссэн охидыг зоддог байсан. Бидэнд 3-4 хоног хоол өгдөггүй байсан” гэж ярьжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау хулгайлагдсан бүх охид хуримаа хийсэн гэж мэдэгдсэн юм. Гэрчүүдийн мэдээлж буйгаар “Охидын 90 хувь нь жирэмсэн болсон” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ