МАН хөөгдөж, “Бүдүүн 73”-ын бүлэг бутрах уу

Парламент дахь улс төрийн хүчнүүдийг эгнээндээ нэгтгэсэн Шийдлийн Засгийн газар байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулаад хагас жил болж байна. “Бүдүүн-73”-ын бүлэг хэмээн сөрөг хүчингүй парламентыг нэрийдсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламент дахь бүх улс төрийн хүчнүүдтэй Засгийн газарт хамтрах санал илгээж, тэр дундаа МАН-ыг онцгойлон “харж үзэж”, танхимынхаа бүрэлдэхүүний 50 хувийг өгсөн. Гуйх хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг атал, үнэндээ Засгийн газрын тэргүүн барьж гуйж байгаа аятай агаар нэгэн үйл явдал болсон билээ. Өнөөдөр МАН Шадар сайд, Сангийн яамнаас эхлээд үүрэг, чиглэлийн 6 яамыг удирдаж байна.
Хамтдаа байхдаа хүчтэй, улс орны хөгжил, алсыг харсан шийдвэр гаргадаг тэр цаг үе ард хоцорсон бололтой. “АН-ынхны хүнд хэцүү үед МАН тусалдаг, улс орны эдийн засгийг сэргээдэг” хэмээн ах намынхан өөрсдийгөө магтсаар Засгийн газарт хамтарч байлаа. Харамсалтай нь өнгөрсөн хагас жилд нийгэм, эдийн засгийг сэргээх бодлого хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэнгүй.
МАН Засгийн газарт гэдийсээр орсон шигээ өнөөдөр ч гэдгэр хэвээр, сөрөг хүчний өнцгөөс хандсан хэвээр байгаа.
Ер нь “Засгийн газарт хамтарсан гээд амаа үдүүлээд суугаад байхгүй, шүүмжлэх зүйл гарвал шүүмжилнэ” гэж хэлэх үгээ хүнээр зааварлуулдаггүйгээрээ Ц.Нямдорж гишүүн л хамтрах асуудал яригдаж байх үед хэгжүүрхэж, бусад нь чимээгүй байсан.
Хамтарсан Засгийн газар хэдий ч алдаатай бодлого, үйл ажиллагааг нь шүүмжилж, зөв тийш нь чиглүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ гишгэсэн мөр бүрээс нь алдаа хайж, шүүмжилнэ гэдэг сөрөг хүчний л байр суурь гэлтэй. Сөрөг хүчин гэдэг нь ч сөрж шүүмжлэхийн нэр биш. МАН хамтран ажиллаж байгаа Засгийн газраа дэмжиж, бодлого шийдвэрт нь ч хүч нэмсэнгүй.
“Бүдүүн-73”-ын бүлэг байгуулагдсанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ногоон гэрлээр дэмжигдэнэ батлагдана гэсэн олон нийтийн тооцоо таамаглал эсрэгээр эргэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гацууртын ордын төсөл хоёронтоо унаж, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл ч дэмжигдэх эсэх нь шийдэгдээгүй өнөөг хүрлээ. “Бүдүүн-73”-ын бүлэг байгуулагдсан хаврын чуулган хамгийн муу, үр дүнгүй ажилласан чуулганаар тодорч ч магад.
Цаашлаад хамтарсан Засгийн газар дахь МАН эрх баригчдын өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй, энэ Засгийн газар ч хөтөлбөргүй ажиллаж байгаа шүүмжлэл. Өрөөлийг шүүмжилж чичлэх гээд өөрсдийгөө давхар матав. Учир нь шийдлийн Засгийн газар мөрийн хөтөлбөргүй ажиллаж байгаа нь зөвхөн АН-ын буруу биш, МАН-д хамгийн их хамаатай.
Ер нь МАН Засгийн газрын алхам бүрийг л шүүмжилж байгаа. Дубайн гэрээг парламентад мэдэгдэлгүй гарын үсэг зурсан гэж зарим УИХ-ын гишүүд, тэр дундаа бие даагчид шүүмжилдэг. УИХ дахь МАН-ын бүлэг ч мөн л эсрэг байр сууринаас хандаж, “Оюутолгой”-н гэрээ биш төлөвлөгөөн гарын үсэг зурсан нь буруу гэж шүүмжилж байгаа. Ерөнхий сайдыг АБНЭУ-д айлчилж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурахыг бие даагч гишүүд мэдээгүй байж болно. Харин Засгийн газарт хамтарсан улс төрийн намынхан, тэр дундаа Сангийн сайдын албыг өөрийнх нь намын гишүүн хашиж байгаа МАН-ынхан Оюутолгойн төлөвлөгөөн гарын үсэг зурахыг урьдчилан мэдээгүй байсан гэвэл дэндүү эндүүрэл.
Ийнхүү хагас жил чимээгүй явсан эрх баригчид танхимаар, багаар ажиллаж чадахгүй, байнга чичилж байгаа хамтрагч улс төрийн хүчнээ Засгийн газраас хөөх эсэхийг өчигдөр бүлгийн хуралдаанаараа нухацтай хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ.
Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүдийн гэрээний биелэлтийг хэлэлцэхийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл бүлэгтээ үүрэг өгсөн байсан. Энэ дагуу АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд АН-ын дарга УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр МАН-ыг засгаас хөөх асуудалд санал нэгдсэн сурагтай. Гэхдээ МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл гаргана.
Цаашлаад ЭМ-ийн дэд сайд н.Атармааг "авто"-ын осолд орж биеийн байдал нь хүнд байгаа сургаар МАН-ын нэг гишүүн түүний албан тушаалд санаархаж, генсек Ж.Мөнхбатдаа санал тавьж хүн чанар байтугай хүний үнэргүй авирласан байна лээ. Юун тэр нөхөрт дэд сайдын албан тушаал өгөх манатай Засгаас МАН хөөгдөх үгүй дээрээ тулаад байхад.
Хэрвээ МАН-ыг Засгаас хөөвөл парламент дахь “Бүдүүн 73”-ын бүлэг бутарч, ах нам сөрөг хүчний суудал дээрээ эргэж бууна. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг, Засгаас хөөгдчихөөд олон юм гоншигнож, ахмадуудаараа “үзээгүй юм аа үзэж байна” гээд энд тэнд хэвлэлийн хурал, жагсаал цуглаан хийлгэн матрын нулимс унагаад байхгүй биз. За тэгээд Засгийн газарт хамтарч байхдаа ч сөрөг хүчний байр сууриа тавиагүй юмдаг. Улсын баяр наадмаас өмнө Засгийн газраас хөөгдөж, “өвдөг шороодчихвол” ч бас тиймэрхүү л юм.
Юутай ч АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг л хүлээх үлдэж дээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ