Таван сая иений экспортын гэрээ байгууллаа
Монгол-Японы Засгийн газар хувийн хэвшлийн хамтарсан долоодугаар уулзалт Токио хотноо үргэлжилж байна. Энэ үеэр Монголын “Дээд өнгө” компани Японы “Super region”компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурах үеэр Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон МҮХАҮТ, Японы “Жетро” байгууллагын удирдлагууд байлцлаа.
“Дээд өнгө” компани “Super region”-д таван сая иенийн бараа нийлүүлэх гэрээг хийсэн. Ирэх онд мөн таван сая ам.долларын гэрээ хийхээр урьдчилсан байдлаар тохирсон тухай санамж бичиг зурах үеэр дурдсан юм.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээндЭдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу Япон руу татваргүй бараа нийлүүлж байгаа тохиолдолд тус бүтээгдэхүүнийг хийсэн материал нь манай хоёр орны аль нэг улсад үйлдвэрлэсэн байх ёстой. Тиймээс “Дээд өнгө” компани эхний ээлжинд Япон улсаас материалаа импортолно. Харин буцаад “Дээд өнгө” компани эцсийн бүтээгдэхүүн экспортлох юм.
Дашрамд дурьдахад “Super region” бол томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бараа нийлүүлдэг олон жилийн туршлагатай компани. Энэ оны эхээр Монголын “Дээд өнгө” компанитай харилцаа тогтоосон төдийгүй эхний захиалгаа хийж эхэлсэн байна.
Хамтын ажиллагааны санамж бичгийг зурсны дараа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү “Дээд өнгө” компани таван жилийн турш үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ эхний ээлжинд өөрсдийнхөө боломжоор Японы зах зээлд гарлаа. Тиймээс Аж үйлдвэрийн яам энэ жил экспортыг дэмжсэн зээлийн эхний ээлжээс нь“Дээд өнгө” компанид олгоно. Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч буйг баталсан нэг үйл явдал болж байна” хэмээн онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ